Урин цаг айлчлаад ганцхан сар болж байхад манай орны 13 аймгийн 31 суманд 48 удаа ой, хээрийн түймэр гараад байна. Үүнийг өнгөрсөн оны өдийтэй харьцуулахад түймрийн тоо 28 хувиар нэмэгджээ. Дээрх түймэрт 176 мянган га талбай, айлын хоёр гэр, хашаа шатан, нэг хүн нас барж, найман хүн бэртлээ.
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай Улсын онцгой комиссын шийдвэр, Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Хөвсгөл, Завхан, Увс, Булган, Сэлэнгэ, Архангай, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Төв аймаг байнгын болон хөдөлгөөнт эргүүл, хяналт, шалгалтын цэг ажиллуулж байна. Мөн гуравдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 10-ны хооронд ойгоос өвс ургамал түүх, зугаалахыг хориглосон юм.