Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазаар авах ялыг халах тухай санал 2010 онд гаргаснаас хойш Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүх хоёр дахь удаагаа ялын дээд хэмжээ оноох тогтоол гаргалаа. Эхнийх нь бага насны охиныг хүчирхийлж, амь насыг нь хэрцгийгээр хохироосон Н.Мөнх-Оргил. Түүнд анхан шатны шүүхээс цаазаар авах ял оноосон бөгөөд гурван шатны шүүх ялыг нь хэвээр баталсны дараа тэрбээр Ерөнхийлөгчид хандаж амь хэлтрүүлэхийг гуйж, өдгөө гянданд хорих ял эдэлдэг. Хөвсгөл аймаг дахь Сум дундын 27 дугаар шүүхээс ялын дээд хэмжээ оноосон хоёр дахь хэрэгтэн нь гурван хүний амь насыг хөнөөж, эд зүйл, хулгайлж дээрэмдсэн, танхайрсан О.Энхбат. Тэрбээр 2014 оны нэгдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шивлэг багийн Гунын эх гэх газар иргэн Н, Б, Д нарыг буудаж хөнөөсөн хэрэгт холбогдсон юм. Улаан-Уул сумын малчин Н, эхнэр Б болон 4, 7 настай хоёр хүүхэдтэйгээ ОХУ-тай хилд ойрхон нутагладаг байсан бөгөөд тэднийд хэрэг гардаг өдөр Арбулаг сумаас явж байсан хүмүүс 17 настай Д гэх хүүгээ орхиод үлдээсэн байдаг. Энэ үеэр О.Энхбат, хамт явж байсан Э.Одтэнгэрийг дагуулан Н-ынд очиж гэрийн эзэн болон эзэгтэйг, айлын 17 настай хүү Д-гийн хамт хөнөөгөөд, бага насны хоёр хүүхдийг нь цоожлоод зугтсан юм. О.Энхбат хэрэг үйлдэхийнхээ өмнө Улаан-Уул сумын иргэн Ж.Үзмээгийн гэрээс гурван шил архи, буу, сум, иргэн Х.Пүрвээгийн гэрийн гаднаас “Мастер” маркийн мотоциклийг хулгайлаад Н-ынд очсон болох нь мөрдөн байцаалт, бусад нотлох баримтаар тогтоогдсон юм. Тэд хүн амины хэрэг үйлдсэнээсээ хойш 55 цагийн дараа тайгад нэгэн хамаатныдаа бүгж байсныг ЦЕГ-аас томилогдсон ажлын хэсэг, Хөвсгөл аймгийн цагдаа, хил хамгаалах байгууллагынхан олж баривчилсан. Уг хэргийг Сум дундын 27 дугаар шүүх 2015 оны гуравдугаар сарын 20-нд хэлэлцээд 1993 онд төрсөн, шүүгдэгч О.Энхбатыг Эрүүгийн хуульд зааснаар гурван хүнийг өс хонзонгийн улмаас, танхайн сэдлээр, харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар хөнөөсөн гэм буруутайд тооцож, ялын дээд хэмжээ оноосон бол зэвсэг хэрэглэн танхайрсан хэрэгт нь зургаан жил, буу, сум, мотоцикл хулгайлсан хэрэг нь гурван жил хорих ял оноож, хөнгөн ялыг нь хүндэд нь багтааж, цаазаар аваачих ял шийтгэлээ.Харин түүнтэй хамт явсан Э.Одтэнгэрийг эд зүйл хулгайлсан, гэмт хэрэг нуун дарагдуулсан гэм буруутайд тооцож, дөрвөн жил зургаан сар хорих ял оноов.