Монголд нэг хэсэг хүчээ авч байсан сүлжээний залилангийн хэрэг Улаанбаатарт харьцангуй намжиж, хүмүүс хулхидуулахаа больж байсан. Гэвч монголчуудын гэнэн итгэмтгий занг ашиглаж баяжихыг хүсдэг хүмүүс орон нутгийг иргэдийг хуурч байгаад баригдлаа. Багануур дүүрэгт иргэн О гэх эмэгтэй “Гүн галуутын Оюун-Эрдэнэ” хэмээх төрийн бус байгууллага 2012 онд байгуулж, мөн оны тав, долдугаар сард “Анхны алхам”, “Хамтдаа хөгжье” гэдэг төсөл хэрэгжүүлсэн аж. Эдгээр төслөөрөө дамжуулж иргэдээс багагүй хэмжээний мөнгө “татаж” чадсан гэнэ. Үүндээ урамшсан О нийслэлийн Чингэлтэй дүүргийн I хорооны нутаг, 38 дугаар байранд “Өү Си Эй Ти” компани байгуулж, 2014 оны зургадугаар сараас эхлэн иргэдийг орлоготой, хуримтлалтай болгох нэрийдлээр “Мөнгөн бороо”, орон сууцтай болгох “Мөнгөн харш” төсөл хэрэгжүүлж, сүлжээний маркетинг явуулан хүмүүсийг залилж эхэлсэн байна. Багануурын иргэд түүнд мэхлүүлснээ мэдэж цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаснаар Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсээс иргэн О-д эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хориод байгаа бол Улаанбаатар дахь салбарыг нь хариуцдаг Г гэх эрийг батлан даалтад өгөөд буй гэнэ. Тэдэнд мөнгөө залилуулсан 2000 гаруй иргэн байгаа бөгөөд мөрдөн байцаалтын шатанд 200 орчим хүн л тайлбар өгч, хохирлоо нэхэмжилжээ. Эдгээр 200 хүний хохирол урьдчилсан байдлаар 175 сая төгрөг болж буй бөгөөд хохирогчид нэмэгдвэл хохирлын хэмжээ өсөх юм. Дээрх хоёр хүн болон төслүүдийнх нь гоё нэрэнд хууртаж мөнгөө залилуулсан иргэд Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, ахмад С.Ууганбаяртай 88028884 дугаарын утсаар холбогдож тайлбар мэдүүлэг гаргах талаар ярилцаж болох бөгөөд тус хэлтсээс иргэдийг “Төсөл нэрээр төөрүүлдэг залилан”-гаас болгоомжлохыг анхаарууллаа.