Улсын ерөнхий прокуророор томилогдоод удаагүй байгаа М.Энх-Амгалан өнгөрсөн сард газар, нэгжийнхээ үйл ажиллагаатай танилцсан бол өчигдөр шинэ бүтцээр ажиллах шийдвэрт гарын үсэг зурлаа. УЕПГ нь Улсын ерөнхий прокурорын хоёр орлогч, Дотоод аюулгүй байдлын, Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны, Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих, Шүүхэд төрийг төлөөлөх, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, Дүн шинжилгээ, судалгаа, хяналт шалгалтын хэлтэс, Сургалтын төв, Эрүүгийн хэргийн төв архив, Тамгын газар гэсэн бүтэцтэйгээр ажиллахаар болжээ. Үүнтэй холбоотойгоор хуучин бүтцээр алба хариуцаж байсан дарга нарыг чөлөөлж, шинэ ажилд нь томиллоо. Тухайлбал, Гүйцэтгэх ажил хариуцсан прокуророор О.Чулуунбаатар, Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн даргаар Г.Ганзориг, Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар Е.Сагсай, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн даргаар Б.Жаргалсайхан, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар Ц.Мөнхбат, Сургалтын төвийн даргаар Л.Болдыг буцаан томилсон. Харин Дүн шинжилгээ, судалгаа, хяналт шалгалтын хэлтсийн даргаар Нийслэлийн прокуророор ажиллаж байсан Б.Бат-Орших, Шүүхэд төрийн төлөөлөх хэлтсийн даргаар УЕПГ-ын хяналтын прокурор М.Оюундэлгэр нарыг томилжээ. Саяхан Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн даргын сонгон шалгаруулалт зарлаж, Б.Бат-Орших, М.Оюундэлгэр нар тэнцсэнийг ийнхүү дээрх хэлтсүүдийн даргаар тавив. Харин Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан Тамгын газрын дарга Б.Үнэнбатыг ажлаас нь чөлөөлж, оронд нь ЦЕГ-ын Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байсан, цагдаагийн хурандаа Ц.Арвинбуудайг авчирлаа. Ц.Арвинбуудай нь М.Энх-Амгаланг УМБГ-ын даргаар ажиллаж байхад Тамгын газрын дарга, ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байхад мөн тус албанд нь ажиллаж байсан туршлагатай. Энэ томилгоог прокурорууд “нүдээ олсон” хэмээн ам сайтай байна. Учир нь Б.Үнэнбатдаа зарим алба хаагчид нь таатай ханддаггүй байсан бололтой.Прокурорын байгууллагын томилгоо ирэх өдрүүдэд ч үргэлжилж, Нийслэл, дүүргийн прокуроруудыг томилж чөлөөлөх сурагтай.