“Драгон” буюу Сонгинохайрхан дүүрэг дэх Зорчигч тээврийн үйлчилгээний төвөөр өдөрт 5000-6000 хүн үйлчл үүлж, 700 гаруй тээврийн хэрэгслээр 16 аймаг, 48 чиглэлд зорчдог. Гэлээ ч тус төвийн багтаамж муу учир иргэд цас, бороотой хүйтэн өдөр замд гарах цаг болтол гадаа хүлээдэг, дэлгүүр, цайны газар нь жижигхэн, дээрээс нь тоос шороо, дуу чимээ ихтэй хэмээн зорчигчид сэтгэл дундуур байсан аж.
Харин өчигдөр “Драгон” олон улсын зорчигч тээврийн үйлчилгээний терминал нээлтээ хийсэн нь хот хоорондын тээврийн үйлчилгээнд шат ахисан үйл явдал болсон юм. Нээлтийн үеэр “Драгон холдинг” компанийн ерөнхий захирал С.Баярт “20 тэрбум төгрөгийн өртгөөр боссон, найман давхар, 12800 ам метр талбай бүхий “Драгон” олон улсын терминалд зорчигчдын тав тухтай байдлыг хангах үүднээс хүнс, барааны худалдаа, ресторан, зочид буудал, банк зэрэг үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн.
Ингэснээр зөвхөн зорчигчид төдийгүй Сонгинохайрхан дүүргийн иргэд нэг цэгээс олон төрлийн үйлчилгээ авах боломжтой боллоо. Мөн 300 орчим ажлын байр бий шинээр болсон” гэлээ. Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар “Манай дүүрэгт худалдаа үйлчилгээ, зорчигч тээврийн ийм том терминал барьж байгуулсанд талархаж байна. Цаашдаа дүүргийн ИТХ, “Драгон холдинг” компанитай хамтран ажиллаж төр, хувийн хэвшлийн түншлэлийг үргэлжлүүлнэ.
“Драгон” олон улсын терминалын зүүн талын, тээврийн хэрэгсэл зорчин өнгөрөх талбайг туннелийн системд шилжүүлнэ” гэв. Сонгинохайрхан дүүрэг дэх Зорчигч тээврийн үйлчилгээний төв Улаанбаатар- Улаан-Үд чиглэлд зорчигч тээвэрлэдэг. Одоо олон улсын терминалтай болсон тул Эрээн-УлаанбаатарУлаан-Үд чиглэлд зорчигч тээвэрлэх боломж бүрдэх аж.
Т.БОЛОР-ЭРДЭНЭ