“Байгаль хамгаалах сан”, “Цэвэр агаар сан”-гаас санхүүжүүлэн БОНХАЖЯ-наас санаачлан “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг эхлүүллээ.
Тус хөдөлгөөн энэ сарын 15-наас ирэх есдүгээр сарын 15, аравдугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 1-нийг хүртэл хоёр үе шаттай үргэлжлэх юм. Эхний шатанд нэг сая мод тарьж, арчлах, хоёрдугаар шатанд модоо нөхөн тарьж, цэнэг усалгаа хийх ажлыг төлөвлөжээ.
Судалгаанаас үзэхэд 50 жил ургасан нэг мод амьдралынхаа туршид 38 сая төгрөгөөр үнэлэгдэх хүчилтөрөгч ялгаруулж, 75 сая орчим төгрөгийн агаар цэвэршүүлэх экологийн үйлчилгээ үзүүлж,197 сая орчим төгрөгөөр үнэлэгдэх усыг эргэлтэд оруулж, 197 сая орчим төгрөгөөр үнэлэгдэхүйц хөрсний элэгдлийг хамгаалах үйлчилгээ үзүүлдэг байна. Модгүйгээс байгалийн бүс бүслүүрүүдэд унах хур тунадасны хэмжээ 30-40 мм-ээр буурч байгаа нь гадаргын усны хэмжээ багасахад нөлөөлж байна. Хот, суурин газрын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ дэлхийн дундаж 24 м2 байхад нийслэлд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ 2014 оны байдлаар 3,2 м2 байна. Өөрөөр хэлбэл, нийслэлчүүд дэлхийн дунджаас 7,5 дахин бага ногоон байгууламжтай хотод амьдарч байгаа аж.
Энэ хөдөлгөөнийг улс даяар өрнүүлснээр байгаль орчноо хайрлан хамгаалах, ард иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, мод, сөөг тарьж, арчилж, ургуулах арга технологид сургах, амьдрах орчноо цэцэрлэгжүүлэх ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эрүүл, аюулгүй, таатай орчинг бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж үзэж байна.
Мөн суурин газрын байшин хорооллын айлууд байрныхаа орчимд, гэр хорооллын айлууд хашаандаа мод ургуулж, аж ахуйн нэгж, байгууллага бүр ногоон байгууламжтай болох, авто болон төмөр замын хажуугаар ногоон байгууламж бий болох, баг, хороо бүр бичил цэцэрлэгт хүрээлэнтэй болох зэрэг хэд хэдэн үр дүнг хүлээж байгаа аж.