ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханаас зарим зүйлийг тодруулллаа.
-Нийслэлийн Засаг даргыг ямар үндэслэлээр шүүхэд өгч байгаа юм бэ?
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 16.4.6 дэх заалт, Хууль зүйн сайдын тушаалаар баталсан “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”-д заасны дагуу ЦЕГ-ын дарга зөөж шилжүүлэх төлбөрийг тогтоох эрхтэй байтал нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өөрт олгогдоогүй эрх эдэлж, хууль бус захирамж гаргасны улмаас 9230 жолоочийг 70-80 мянган төгрөгөөр торгож нийт 647.7 сая төгрөгөөр хохироосон.
Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хувьд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу нэгдүгээр эгнээнд тавьсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхээр зохицуулсан байхад дугуй түгжихээр журам гаргаж хуулиас өөр зохицуулалт хийсэн нь хууль бус болж, нийт 11.746 жолооч иргэдийг 234.9 сая төгрөгөөр хохироосон.
-ШӨХТГ-т нийслэлийн Засаг даргын захирамж, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолыг шалгах эрх бий юу?
-ШӨХТГ нь Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу ИТХ, Засаг даргын шийдвэрийг шалгах, зөрчлийг арилгуулах, захиргааны шийтгэл ногдуулах эрхтэй. Жирийн иргэдэд хууль үйлчилдэг, эрх мэдэлтнүүдэд үйлчилдэггүй байж таарахгүй. Нийслэлийн шийдвэр гаргагчид зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй, иргэдэд учруулсан хохирлоо барагдуулахгүй байгаа тул ШӨХТГ хуульд заасан эрхийнхээ дагуу шүүхэд өгч байна.
-Дугуй түгжих ажиллагааг цаашид үргэлжлүүлэх ёстой юу?
-Дугуй түгжих ажиллагаа хууль бус учраас зогсох ёстой.
Автомашин зөөж шилжүүлэх төлбөрийг ЦЕГ-ын дарга 55.000 төгрөг байхаар тогтоосны дагуу зөөж шилжүүлэх ажиллагаа үргэлжилж байгаа. Гагцхүү үүнийг хуулийн дагуу хийх ёстой. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Хууль зүйн сайдын тушаалаар баталсан Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журамд замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын байцаагч зөөж шилжүүлэх шийдвэр гаргана. Ингэхдээ автомашины гадна талд үзлэг хийнэ гэж заасан байгаа. Ачигч компаниуд асуудалд хэтэрхий ашгийн төлөө сэтгэлгээгээр хандаж, хүнтэй байхад нь зөөх, автомашинд гэмтэл учруулах зэргээр иргэдийг хохироох явдал байгаа тул улсын байцаагчийн шийдвэрээр үзлэг хийсний дараа зөөж шилжүүлэх ёстой. ШӨХТГ зөрчил гаргасан жолооч нарыг хамгаалаад байгаа юм биш. Тэднийг торгож, шийтгэхдээ хуулийнхаа дагуу л хий гэж байгаа юм. Хууль бусаар иргэдийг хохироож болохгүй.