Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст эрхийг нь эдлүүлэх зорилготой “Эрхийг бодит болгоё” Инчоны стратегийг Монгол Улс 2014 онд хүлээн авсан. Ази, Номхон далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан энэ стратегийг хэрэгжүүлэх чиглэлээр өчигдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хооронд хамтран ажиллах Санамж бичиг солилцлоо.
Энэ үеэр мөн Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв, БНСУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав. Үүний дараа БНСУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хүрээлэнгээс манай улсад тэргэнцэртэй иргэдэд зориулсан тусгай автомашин бэлэглэсэн юм. Олон улсын стандартад нийцсэн энэ машин дөрвөн хүний багтаамжтай, тэргэнцэртэй хүнийг өргөх шаттай юм байна. Дотроо тэргэнцэр тавих зайтай аж. Дашрамд дурдахад, манай улсад эдүгээ хөгжлийн бэрхшээлтэй 110 мянган иргэн бий. Тэдний 13 мянга нь тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй.