Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Төв аймгийн Баянжаргалан, Дорноговь аймгийн Айраг, Алтанширээ, Даланжаргалан сум дамжин 2011 оны дөрөвдүгээр сараас 2013 оны долдугаар сар хүртэлх хугацаанд хулгай хийж явсан бүлэг этгээдэд холбогдох хэргийг Дорноговь аймаг дахь Сум дундын VIII шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. В.Гантөгс, В.Жавхлантөгс, В.Баяржавхлан, Э.Баярцогт, Э.Билэгмаа нар дээрх газруудаар автомашинтай явж, 10 удаагийн давтан үйлдлээр айлын гэрээс эд зүйлийг нь болон бэлчээрт явсан олон тооны мал хулгайлсан нь мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон аж. Тиймээс дээрх хүмүүсийг бусдын эд зүйл хулгайлж, онц их хэмжээний хохирол учруулсан, мөрдөн байцаалтаас оргон зайлсан гэсэн үндэслэлээр Дорноговь аймгийн Прокурорын газар яллах дүгнэлт үйлдсэн байна. Шүүхээс В.Баяржавхланд долоон жил, В.Гантөгсөд зургаан жил зургаан сар, В.Жавхлантөгсөд дөрөв, Э.Баярцогтод гурван жил хорих, Э.Билэгмаад дөрвөн сар баривчлах ял ногдуулжээ. Шүүгдэгч В.Гантөгс, В.Баяржавхлан, В.Жавхлантөгс нарыг чанга, Э.Баярцогтыг жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэснийг тус аймаг дахь Эрүүгийн давж заалдах шатны II шүүх хэвээр баталлаа.