Өнгөрсөн амралтын өдөр Бурхан халдун ууланд мөргөхөөр явж байсан өвөрмонголчуудтай “Босоо хөх Монгол” бүлгэмийн залуус таарч, тэдэнд эр бяраа гайхуулан, өмнөө сөгдүүлсэн зургийг нь фэйсбүүк, твиттерээр цацсанаас болж цахим ертөнцөд багагүй хэл ам дагуулсан. Тэгвэл өчигдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Монгол дахь өвөрмонголчуудын холбооны тэргүүн Л.Баатар болон удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзан, уучлал гуйлаа.
“Бурхан халдун ууланд очсон өвөрмонгол иргэдийг хөөсөн нь үнэхээр ичмээр, зохисгүй үйлдэл юм. Энэ бол Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулийг зөрчсөн хууль бус үйлдэл яалт ч үгүй мөн. Тиймээс өвөрмонголчуудаас албан ёсоор уучлал хүсэж байна” хэмээн хотын мээр хэлэв. Аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх вэ гэж амтай бүхэн ярьж, таван тивийн хүмүүсийг жилийн дөрвөн улирлын турш манайд ирээрэй хэмээн урьж байгаа хэрнээ өөрсдөө ийм бүдүүлэг, хэт туйлширсан үйлдэл гаргаж буйг тэрбээр буруутгасан юм.
“Улаанбаатар бол найрсаг хот. Зарим хүний гаргасан энэ зүй бус үйлдэл нь манайд ирэх жуулчид, тэр дундаа жуулчдын олонхийг эзэлдэг өмнөд хөршийн иргэдийг буцаах вий гэхээс болгоомжилж байна” гэдгийг ч онцлов. Харин Монгол дахь өвөрмонголчуудын холбооны тэргүүн Л.Баатар “Болсон явдалд харамсаж байна. Хохирогчид нь ч гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Өнөөдөр Монголыг дэлхий мэддэг болсон.
Манай өвөрмонголчууд энд хөрөнгө оруулахаас гадна Эзэн Чингис хааны нутагт ирж үзэхийг хүсдэг учраас Монголыг олноороо зорьдог. Гэвч саяын үйл явдал сөргөөр нөлөөлж байна. Ордост байдаг Чингисийн онгоны цогцолборыг үзэхээр олон мянган жуулчин ирдэг. Үүнтэй адилхан Бурхан халдун ууланд мөргөхөөр ирсэн жуулчдад ийн хандаж, хүний шүтэх, хүндэтгэх эрхэнд халдаж болохгүй гэж бид үзэж байгаа” гэв. Мөн тэрбээр нийслэлийн Засаг даргын албан ёсны уучлалыг өвөрмонголчуудад төдийгүй хөрөнгө оруулагч нарт уламжилна гэдгээ илэрхийллээ.
Л.АРГАМЖИН