МХЕГ Сургалт, мэдээлэл, үйлчилгээний төвөө өргөтгөн Зөвлөгөө, мэдээллийн төв болгон ажиллуулж эхэллээ.
Энэ төв Мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэд, аж ахуйн нэгжид үзүүлж байгаа ажил, үйлчилгээтэй холбоотой бүх мэдээллийг нэг цэгт төвлөрүүлэн, албан бичиг, өргөдөл, гомдол хүлээн авч хариу өгөх юм.
Мөн мэдээлэл хүлээн авах, зөвлөгөө, мэдээлэл өгөх 1800-1286 дугаарын нээлттэй утас ажиллуулан, цахим мэдээллийн “Touch screen” компьютерыг ажилд оруулжээ. Ингэснээр мэргэжлийн хяналтын байгууллагын ажил иргэд, аж ахуйн нэгжид улам ойртож ил тод, шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх боломжтой болж байна.
Тус төв ажлын өдрүүдэд 08.30-17.30 цаг хүртэл өргөдөл, гомдол, албан бичиг хариуцсан мэргэжилтнээс гадна дэд бүтэц, цөмийн болон цацраг, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, геологи, уул уурхай, эрүүл мэнд, боловсрол, соёл, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хил, хорио цээр гэсэн хяналтын газрын байцаагч нар сар бүр хуваарийн дагуу ажиллаж зөвлөгөө, мэдээлэл өгөх аж.
"Цаашид аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, хэлтсүүд нэг загварын хаяг бүхий Зөвлөгөө, мэдээллийн төв байгуулж ажиллана" хэмээн МХЕГ-ын төлөөлөгч ярилаа.