МУБИС-ийн шилдэг оюутнуудад өнөөдөр Хятад, Монголын соёл, боловсролын сангаас тэтгэлэг гардууллаа.
Тодруулбал, тус сургуулийн экологи химийн дөрөвдүгээр курсын оюутан Ё.Уранчимэг, хятад хэлний гуравдугаар курсын оюутан Б.Энхцэцэг, Багшийн сургуулийн төгсөх курсын оюутан М.Сувд-Эрдэнэ нар тус бүр 3000 юанийн тэтгэлэг хүртсэн юм.
2014 оноос хойш тус сан нь 2 удаагийн сурагчдын тэтгэлэгт хөтөлбөр болон нэг удаагийн оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Эдгээр тэтгэлэгт хамарсан оюутны тоо 115, нийт тэтгэлгийн хэмжээ 500 мянган юаньд хүрчээ.
МУИС-ийн Күнзийн институтын захирал, Монгол Хятадын боловсролын сангийн нарийн бичгийн дарга Жү Жүньли хэлэхдээ, “Энэ удаагийн “Мөрөөдлийн амжилт” тэтгэлэг нь манай сангийн ажлын шинэ бүлэг юм. Бид илүү олон байгууллага, хүмүүстэй хамтран сургууль, оюутнуудад дэмжлэг үзүүлэх болно. Тэтгэлэг хүртсэн сурагчид үргэлжлүүлэн хичээн суралцаж, төгсөөд Монгол Хятадын найрсаг харилцааны нэг хүч болохыг хүсье” гэлээ.
Эдгээр оюутнууд амьдралд нь нэмэр болохуйц тэтгэлэг гардсандаа баярлаж буйгаа хэлж байв.