Замын хөдөлгөөнд оролцож байх үедээ санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас явган зорчигч болон бусад этгээдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд учруулсан хохиролд жолоочийн хуулиар хүлээх санхүүгийн хариуцлагыг даатгалын компанид шилжүүлж, жолоочийн хохирогчийн өмнө хүлээх санхүүгийн хариуцлагыг нөхөн төлөх зорилготойгоор жолоочийн хариуцлагын даатгалыг бий болгосон байдаг.
Тэгвэл жолоочийн хариуцлагын даатгалын сарын аянг Замын цагдаагийн газар, Албан журмын даатгагчдын холбоо хамтран өрнүүлж байна.
Аяны хүрээнд нийслэлийн зургаан дүүрэгт мөн хөдөлгөөн зохицуулалтын хоёр тасаг гарган жолооч нарыг даатгалд хамруулж байгаа юм. Иргэд энэ үеэр жолоочийн хариуцлагын даатгалаа хийлгэх боломжтой юм.
Энэ талаар Албан журмын даатгагчдын холбооны нийслэл дэхь салбарын менежер Ш.Содномпилээс зарим зүйлийг тодрууллаа.
-Жолоочийн хариуцлагын даатгалын аяны талаар мэдээлэл өгөхгүй юу?
- Хариуцлагын даатгалын хугацаагаа дууссаныг мэдэхгүй явж буй жолооч нар олон байна. Хоног хэтэрвэл даатгалгүй гэж үздэг учраас жолооч нар даатгалдаа хамрагдах хэрэгтэй. Тиймээс энэхүү аяныг өрнүүлж байна.
Үүний хүрээнд нийслэлийн зургаан дүүрэгт мөн хөдөлгөөн зохицуулалтын хоёр тасаг гарган жолооч нарыг даатгалд хамруулж байгаа юм. Төв дээр найман цэгт, Баганнуур, Багахангай, Налайх нийт 11 цэгт нийслэлийн хэмжээнд ажиллаж байна. Иргэд энэ үеэр жолоочийн хариуцлагын даатгалаа хийлгэх боломжтой.
-Даатгалын компаниас өмнө нь иргэдэд сануулга өгдөг үү?
-Зарим компаниуд иргэдэд мессежээр сануулдаг. Зарим иргэд ингэхээр дургүйцдэг тохиолдол бий.
-Яагаад дургүйцнэ гэж?
-Миний даатгалаа төлөх төлөхгүй нь та нарт хамаагүй гэсэн байдлаар хандах тохиолдол байдаг. Тиймээс даатгалын талаар зөв ойлголтыг иргэд авах хэрэгтэй байна.
-Жолооны үнэмлэхтэй ч тухайн даатгал дээр нь өөрийнх нэр байхгүй, хүний машин унаж яваа тохиолдолд жолооч торгууль төлөх үү?
-Даатгалын гэрээн дээр нэр бичигдсэн хүн жолоодож явахад даатгалтай гэж үзнэ гэж хуулинд заасан. Хэрэв гэрээнд нэр нь бичигдээгүй хүн жолоодсон тохиолдолд даатгалгүй гэж үзнэ.
Гэрээн дээр нэр нь бичигдээгүй хүн жолоодож яваад осол гарвал даатгалын компаниас нөхөн олговор олгохгүй. Харин гэрээнд нэр нь бичигдсэн жолооч байвал нөхөн олговор олгох хуулийн заалт бий
Дээрхи асуултыг Замын цагдаагийн газраас тодруулахад даатгалтай машинд даатгалгүй жолооч тээврийн хэрэгсэл жолоодож яваа тохиолдолд хуулийн дагуу торгох арга хэмжээ авна гэсэн юм.
-Тэгвэл дуудлагын жолооч өөр хүний машин унаж яваа тохиолдолд яах вэ?
-Иргэд даатгалтай жолоочийг дуудах хэрэгтэй. Хүний машин унаж яваад осол гаргавал тухайн жолооч өөрөө хариуцлага хүлээнэ.
Харин энэ асуултад Замын цагдаагийн газраас тодруулахад дуудлагын жолооч аливаа эрсдлээс хамгаалагдсан байх ёстой гэсэн хариулт өглөө.
-Жолооч даатгуулах компаниа өөрсдөө сонгох боломжтой юу. Шууд хүчээр даатгадаг гэх иргэдийн гомдол байдаг.
- Даатгуулагч, даатгагч компаниа өөрөө сонгох боломжтой хэмээн хуулинд заасан байдаг.
Жолоочийн хариуцлагын даатгалын хугацаа нэг өдрөөр хэтэрсэн тохиолдолд даатгалгүй этгээд гэж үздэг байна. Ингэснээр 192400 төгрөгийн торгууль төлнө.
М.Болор