“Нийтийн үйлчилгээний чанар ба соёл” сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Тус сургалтад Аялал жуулчлалын салбартаа Нобелийн шагнал хэмээн нэрлэгддэг “Улисс”-ийн шагналт судлаач, Хонконгийн Политехникийн их сургуулийн Зочид буудал, аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч, профессор Кайе Чон оролцсон юм. Тэрээр сургалтыг нийтийн албаны үйлчилгээний стандарт, шаардлагаас гадна ажилтны сайхан харилцаа, найрсаг байдлын үндэс болсон байгууллагын уур амьсгал, соёлыг бий болгох, олон янзын улс, үндэстний өөр өөр нийгмийн төлөв, соёлтой хүмүүсийн ялгааг мэдэрч ойлгон, зөв харилцах арга замын талаар явуулав.
Профессор Кайе Чон нь Дэлхийн Аялал жуулчлалын байгууллагын Боловсролын зөвлөлийн дэд тэргүүн, Конрад Хилтоны коллежийн захирлаар ажиллаж байсан бөгөөд одоо “Аялал жуулчлалын маркетинг” сэтгүүлийн ерөнхий эрхлэгчээр давхар ажилладаг. Тэрээр хоёр өдөр Улаанбаатар хотын зочид буудлын захирал, менежерүүдэд зориулсан уулзалт, семинарт зочин илтгэгчээр оролцох юм.
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан тус сургалтад аялал жуулчлалын яам, агентлагууд, жуулчидтай шууд харилцдаг төрийн бусад байгууллагын удирдах албан тушаалтнууд, мэргэжилтнүүд оролцов.