Драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза-12” наадам ирэх тавдугаар сарын 17-23-нд болно. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах тус наадмын зохион байгуулагчаас тодрууллаа.
Одоогийн байдлаар тус наадамд нийт хот, хөдөө орон нутаг, олон улсаас 47 бүтээл ирүүлжээ. Эдгээр бүтээлийг “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”, “Хүүхэд оролцооны бүтээл”-ийн төрлөөр шалгаруулах юм.
Өнгөрсөн оны 10 дугаар сард Ереван хотноо болсон Олон улсын театрын институтийн 34 дүгээр их хуралд “Гэгээн муза” академийн удирдлагууд оролцож, “Гэгээн муза”-г олон улсын наадамд албан ёсоор бүртгүүлсэн нь энэ удаагийн наадмын онцлог болж буйг зохион байгуулагчид дуулгалаа. Мөн энэ үеэр наадамд нэр дэвшигчдийн батламжийг нь гардуулан өглөө.
Наадмын ерөнхий зохион байгуулагчаар "Гэгээн муза" академи ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн ЗДТГ, БСШУЯ, УДЭТ, дэмжигч байгууллагаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хүүхдийн төлөө үндэсний газар, Улсын Хүүхэлдэйн театр, Монголын Урлагийн ажилтны холбоо зэрэг байгууллага ажиллаж байна.
Энэ удаагийн наадамд Монгол, Орос, Герман, Швейцарь, Солонгос, Коссова, Эстон, Оросын холбооны Буриад улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны уран бүтээлчид болон зочид төлөөлөгчид оролцох юм.
“Гэгээн Муза-12” наадамд өрсөлдөх бүтээлүүдийг танилцуулж байна.
Хөгжимт жүжгийн төрөлд:
УДЭТ-ын бүтээл “Чөлөөт хос”
Ховд аймгийн ХДТ-ын бүтээл “Галдан бошигт хаан”
ОХ-ны Буриад улсын ДУАТ-ын бүтээл “Өнгөрсөн цагийн салхи”
БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хаан титэм” соёлын компаний бүтээл “Хар торгон хамжаар”
Хүүхдийн жүжгийн төрөлд:
Улсын Хүүхэлдэйн театрын бүтээл “Арван хоёр сар”
Орхон аймгийн ХЗТ-ын бүтээл “Сарыг нуусан саваагүй бэлтрэг”
“Шилдэг өнгө” продакшны бүтээл “Алладины шидэт дэнлүү”
Солонгос улсын “Төсөөллийн байшин” театрын бүтээл “... Дараа”
Нэг хүний жүжгийн төрөлд:
“Хүний дуу хоолой” /Монгол/
“Ялаа” /Монгол/
“Хайрт минь би чамайг хүлээж байна” /Монгол/
“Ашгүй бүх юм дууслаа” /Монгол/
“Танихгүй эмэгтэй захидал” /Монгол/
“Улаан дэнлүүт асар” /Монгол/
“Гараа надад өгөөч” /Орос/
Амок /Коссова/
“Ганцаараа” /Эстон/
“Анир чимээгүй хэрэв мэдсэн бол” /Швейцарь/
Хүүхэд оролцоотой бүтээлийн төрөл:
Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театрын бүтээл “Сүүлчийн шалгалт” “Муурын байшин”
Баянхонгор аймгийн Жаргалант сумын Соёлын төвийн бүтээл “Өвгөн бар хоёр” бүтээлүүд
Эл наадам ирэх 5 дугаар сарын 23-ны 15:00 цагт улаан хивсний ёслолын ажиллагаагаар эхэлж, 16:00 цагт Академийн шагнал гардуулах юм.