Нийслэлийн Онцгой байдлын газраас үерийн аюултай бүсэд суурьшсан айл өрхүүдийг нийслэлээс төлөвлөн олгож байгаа 52 байршилд нүүлгэн шилжүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Мөн олон нийтэд үерийн аюултай бүсийн байршил, учруулах эрсдлийн талаар сурталчлах, хотын зурагт тэмдэглэх, хэвлэл мэдээллээр мэдээлэх, хориотой бүсийг тогтоож тэмдэгжүүлэх, шороо асгаж суурьшлын бүс болгосон газруудад нөхөн сэргээлт хийж байгалийн гольдролд нь оруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Нийслэлийн Онцгой байдлын газар, Өмчийн харилцааны газраас гаргасан судалгаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт нийт 2369 айл үерийн аюултай бүсэд суурьшиж байгаагийн 467 өрх нь Сонгинохайрхан дүүрэгт, 755 өрх Баянзүрх дүүрэгт тус тус суурьшдаг. Эдгээр айлууд нь үерийн аюулд өртөх эрсдэл өндөр гэсэн үг юм. Эдгээр айл өрхүүдийн 65,4 хувь нь газар эзэмших, ашиглах зөвшөөрөлгүй амьдарч байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны 16 айл усны ундарга дээр зөвшөөрөлгүй байршсаны улмаас одоогоор амьдрах боломжгүй, усанд автсан байдалтай амьдарч байгаа юм. Үерийн хамгаалалтын далан суваг, инженерийн байгууламж хийхэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаардагдах тул иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахын тулд эхний ээлжинд нүүлгэн шилжүүлэх нь зөв гэж үзжээ.