Нийслэлийн Аялал жуулчлалын газрын урилгаар аялал жуулчлалын салбартаа Нобелийн шагнал хэмээн нэрлэгддэг “Үлисс”-ийн шагналт судлаач, Хонконгийн Политехникийн их сургуулийн Зочид буудал, аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч, профессор Кайе Чон Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ. Тэрбээр өчигдөр “Нийтийн үйлчилгээний чанар ба соёл” сургалт зохион байгуулсан бөгөөд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд явагдсан тус сургалтад аялал жуулчлалын яам, агентлагууд, жуулчидтай шууд харилцдаг төрийн бусад байгууллагын удирдах албан тушаалтнууд, мэргэжилтнүүд оролцов.
Сургалтаар нийтийн үйлчилгээний стандарт, шаардлагуудаас гадна ажилтны найрсаг харилцаа, байгууллагын уур амьсгал, соёлыг бий болгох, олон янзын улс, үндэстний өөр өөр нийгмийн төлөвшил, соёлтой хүмүүсийн ялгааг мэдэрч ойлгон, зөв харилцах арга замуудын талаар сонирхолтой санал зөвлөмж өгчээ. Өнөөдөр, маргааш Кайе Чон доктор Улаанбаатар дахь томоохон зочид буудлуудын удирдлагуудад сургалт хийх гэнэ.