Өнөөдрөөс эхлэн манай орны ихэнх нутгаар нойтон цас орж, шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж буй. Тэр дундаа нийслэлд нойтон цас их хэмжээгээр орж байгаагаас болж замын хөдөлгөөний нөхцөл байдал хүндэрсэн тул Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас сэрэмжлүүлэг гаргалаа. Замуудад хальтиргаа арилгах бодис цацах ажил өглөөний 06.00 цагаас эхлэн үргэлжилсээр байгаа бөгөөд аюулгүй байдлыг хангах үүднээс нийслэлээс гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаажээ. Харин автомашинуудын орох урсгалыг нээлттэй хэвээр байлгаж байгаа аж. Ямартай ч жолооч, тээврийн хэрэгслийн эзэмшигч нарыг зуны дугуйтай автомашинаар замын хөдөлгөөнд оролцохгүй байх, онцын шаардлагагүй бол Улаанбаатар хотоос гарахгүй байхыг сэрэмжлүүлж байна.