ХУД-ийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс /НХҮХ/, “Mint” club, NIKEL Гамбаа, Түгээмэл хөгжлийн төвтэй хамтран “Нийгмийн сайн үйлсийн аян”-ы хүрээнд өчигдөр тус дүүргийн 63 дугаар сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй дөрвөн хүүхдэд тэргэнцэр гардуулав.
Уг тэргэнцэр нь хүүхдэд зориулсан материал болон насанд нь тохирсон, өөрөө удирдан чиглүүлэх боломжтой гэдгээрээ давуу талтай гэж зохион бүтээсэн хүмүүс нь хэлж байв. Тэргэнцэр гардуулах үеэр ХУД-ийн НХҮХ-ийн Хүн амын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Мөнгөнчимэг хэлэхдээ, Нийгмийн сайн үйлсийн аяны хүрээнд ХУД-ийн НХҮХ, “Mint” club, NIKEL Гамбаа, Түгээмэл хөгжлийн төвтэй хамтран “Хүүхдэд ээлтэй-Хан-Уул” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд дүүргийн НХҮХ "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийг чадавхижуулах төсөл"-ийг хэрэгжүүлж байна. Төслөөр ХУД-ийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаанд байдаг 306 хүүхдийн эцэг эхчүүдийг асаргаа сувилгаа болон аж ахуй эрхлэлтийн сургалтуудыг шат дараалан зохион байгуулж, хүүхдээ асрах арга барил буюу иллэг массаж хийх, чийрэгжүүлэх мэдлэг олгожээ. Мөн стресс бухимдлаас салгах, зөв менежменттэй аргаар хүүхдээ сургах, богиносгосон цагаар өрхийн орлого нэмэгдүүлэх, ажил хийх боломжтой эцэг эхчүүдийг хамруулан баг болгон идэвхижүүлж байна. Уг төслийн хүрээнд өнөөдрийн олгож буй тэргэнцрийн хөрөнгө оруулалтыг энэ оны нэгдүгээр сарын 27-нд, “Mint” клуб-т хандивын тоглолтоос бүрдүүлж уг мөнгөөр нэг бүр нь 990 мянган төгрөгийн үнэтэй дөрвөн тэргэнцрийг авсан хэмээн онцлов.