Сүүлийн гурван өдрийн турш цас орж, шуурсны улмаас Увс аймгийн хэд хэдэн суманд цаг агаарын нөхцөл байдал хүндэрч гамшгийн хэмжээнд хүрч мэдэхээр болжээ. Тус аймгийн Өлгий, Өмнөговь, Наранбулаг, Тариалан болон Малчин сумын нутаг Увс нуурын талд байгаа айлууд, Улаангом сумын зарим багт байдал хүндэрч, мал цасанд боогдож, бэлчээрт гарах аргагүй болсны дээр олон зам даваа хаагдсан байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой байдлын комисс өчигдөр хуралдаж, яаралтай арга хэмжээ авч эхэлжээ. Эхний ээлжинд нүүдлийн айлуудад түлээ нүүрс, өвс тэжээл хүргэх ажлын хэсгийг хоёр тал руу гаргаад байгаа аж. Наранбулаг сумын чиглэлд буюу Сэртгэр, Сүүж тийш нь, мөн Тариалангийн урд талаар Шар бүрдийн хөдөө, Хөх морьт, Морьт зэрэг газар луу нэг ажлын хэсэг гарсан бол нөгөө нь Увс нуурын хөвөө, Малчин сумын хөдөө тийш нь нүүдлийн айлуудад өвс тэжээл, түлээ нүүрс хүргэхээр гарчээ.
мөн Улаан давааны чиглэлд зам гаргах ажлыг авто зам засвар, арчлалын “АЗЗА” компани хариуцан ажиллаж байгаа бол аймгийн Онцгой байдлын хэлтсээс Наранбулагийн чиглэлд буюу Сүүж, Сэртгэр, Шар бүрдийн зам гаргахаар явсан байна.