Нийслэл хотод урьд шөнөөс их хэмжээний цас орсноос болж авто замын осол зөрчил нэмэгдээд байгаа төдийгүй халтиргаа ихэссэнээс гэр хорооллын ус түгээх цэгүүдэд ундны ус хүргэхэд хүндрэл учирч байгааг Шуурхай удирдлагын зохицуулах төв /ШУЗТ/-өөс мэдээлж байна.
“Нийслэлийн төв замуудад цас хайлж, зам их устай болоод байгаа нь тээврийн хөдөлгөөнд ихээхэн хүндрэл учруулж, зам тээврийн осол гарах шалтгаан болж байна. Мөн гуу жалга ихтэй гэр хорооллын гудамжаар цасны улмаас халтиргаа үүсч гэр хорооллын ус түгээх газруудад ус хүргэх автомашинд саад учруулж байна” гэж Улаанбаатар хотын ШУЗТ-ийн ахлах диспетчер Г.Ганзориг онцолж байна.