Булган аймгийн Баяннуур сумын нутагт олон тооны адуу хээрийн түймэрт шатсан харамсалтай хэрэг өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд гарчээ. Энэ хэргийн тухай олон нийтийн сүлжээгээр “Хоёр азарга адуу гал түймэрт амьдаараа шатчихаад байхад аймгийн удирдлагууд нь хав дараад өнгөрүүлжээ” хэмээн мэдээлж буй. Тиймээс уг хэрэг явдлын талаар Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Ууганбаяраас тодруулахад “Гуравдугаар сарын 27-нд Баяннуур сумын Борбулан гэдэг газарт хээрийн түймэр гарч, манайхан газар дээр нь ажиллаж унтраасан. Тэр үед 20 орчим тооны адуу түймэрт өртөн хуйхлагдаж, заримынх нь дэл, сүүл шатсан байсан тул сумын холбогдох хүмүүст мэдэгдээд буцсан. Харин 31-нд Бадам, Содном гэдэг хоёр хүн сумын хэрэг бүртгэгч Батхүү дээр ирж, “Манай хоёрынхоос 17 адуу түймэрт шатсан тул эзэн холбогдогчийг нь тогтоож, бидний хохирлыг барагдуулж өгнө үү” гэсэн юм билээ. Энэ дагуу аймгийн Онцгой комисс хуралдаж, есөн хүнтэй Ажлын хэсэг Баяннуурт очин шалгахад том, жижиг нийлсэн 13 адуу үхсэн байсан” гэлээ. Хэн нэгний хариуцлагагүй үйлдлээс болж хээрийн түймэрт хоёр айлын арав гаруй адуу амьдаараа шатсан уг хэргийг Булган аймгийн Цагдаагийн газрынхан шалгаж байгаа аж.