Урин хаврын дөрөвдүгээр сар гарав уу, үгүй юү, Монгол орны ихэнх нутгаар энэ өвөл үзэгдээгүй их цас орж, хаа сайгүй бажгадуулав. Тухайлбал, энэ сарын 3-4-ний өдрүүдэд орсон их хэмжээний цасны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, улсын болон орон нутгийн чанартай олон автозам, даваа хаагдан, Архангай, Дундговь, Өвөрхангай, Төв, Увс, Булган аймгийн нутагт 98 хүн төөрчээ. Аян замд явж байгаад төөрсөх, шуурганд малтайгаа уруудсан, сураггүй болсон тэдгээр иргэдээс 95-ыг нь эсэн мэнд, нэгийг нь нас барсан байдалтай олсон бол өдгөө хоёр хүнийг эрэн хайж байгаа юм байна.

Мөн дээрх аймгуудад нийтдээ 750 орчим зорчигчтой, 140 тээврийн хэрэгсэл цасанд боогдсон, шатахуун нь дууссан, төөрсөн гэсэн дуудлагаар тухайн орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн албан хаагчид тусламж үзүүлжээ. Орон нутагт иргэд шуурганд төөрсөн, сураггүй болсон, үзэгдэх орчин хязгаарлагдаж зам, даваа хаагдсан тухай нөхцөл байдлыг үндэслэн Зам, тээврийн сайдын шийдвэрээр энэ сарын 4-ний 10.00 цагаас 5-ны өдрийн 07.30 цаг хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн юм. Мөн цасан шуурганы улмаас Булганы дөрвөн сум цахилгаангүй болжээ. Энэ сарын 4-нд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт Багануур дүүргийн харьяат, 55 настай иргэн Б автомашинтайгаа явж байгаад сураггүй болсон бөгөөд эрлийн багийнхан түүнийг өнөө хэр хайсаар байгаа аж.
Харин машиныг нь тус сумын нутгаас олсон байна. Түүнчлэн Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 50 настай малчин О мөн өдрийн 12.00 цагийн орчимд малдаа яваад сураггүй болсныг аймгийн Онцгой байдлын хэлтэс, орон нутгаас хамтран эрэн хайж буй гэнэ. Харин Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Гуулин багийн нутагт 26 настай эрэгтэй энэ сарын 4-нд гэрээсээ гараад сураггүй болсон гэх дуудлагаар тэндхийн Онцгой байдлын газрынхан эрэн хайх ажиллагаа явуулж, дээрх иргэний цогцсыг цасан дороос олсон байна.
Д.ӨЛЗИЙТ: УУЛАРХАГ ГАЗРААР ОТОРЛОЖ БУЙ
АЙЛУУДАД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
Орон нутгаас нөхцөл байдал хамгийн их хүндэрсэн нь Увс аймаг. Тиймээс тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн орлогч дарга Д.Өлзийттэй холбогдож, цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
-Энэ удаагийн цас танай аймагт нэлээд хүндрэл учруулсан гэсэн. Одоо нөхцөл байдал ямар байна вэ. Төөрсөн, шуурганд уруудсан хүн, мал хэр их байв?
-Өнөөдөр (өчигдөр) манай аймгийн нийт нутгаар цаг агаар тогтуун байна. Сүүлийн дөрвөн өдрийн турш ихэнх нутгаар цас орж, шуурсны улмаас олон суманд нөхцөл байдал хүндэрсэн. Өглөө аймгаас гурван чиглэлд Ажлын хэсэг гарч, хоёр нь малчдад түлээ, малын өвс тэжээл дөхүүлэх, нэг нь Наранбулаг, Цагаанхайрхан, Өндөрхангай, Өмнөговь сумын нутаг дахь зам, давааг нээхээр явцгаалаа. Наранбулаг, Тариалан суманд малтайгаа шуурганд уруудаж, төөрсөн дөрвөн хүнийг эсэн мэнд олсон. Ямар ч байсан хүний амь нас эрсэдсэнгүй. Харин энэ удаагийн байгалийн үзэгдлээс болж хэдий хэмжээний мал осгож, үрэгдсэн тухай тоо баримтыг одоогоор нэгтгээгүй байна.
-Одоо хүртэл нээгээгүй зам, даваа байна гэхээр танайхны хүн хүч хүрэлцэхгүй байгаатай холбоотой юу. Эсвэл тийм их хэмжээний цас унасан юм уу?
-Хүн хүчний хүрэлцээ тааруу байгаатай ч холбоотой. Бас цас их унаснаас ч болсон. Тухайлбал, сая манай аймгийн ихэнх нутгаар 30 см хүртэл зузаан цас орсон. Шуурч, хунгарласан зарим газраа нэг метр хүртэл хэмжээтэй орсон байгаа. Гэхдээ бид боломжийнхоо хэрээр шуурхай ажиллаж, улсын болон орон нутгийн чанартай томоохон замуудаа нээсэн. Мөн хаваржилт хүндэрч болзошгүй байгаа Наранбулаг, Малчин, Өлгий, Өмнөговь, Тариалан, Улаангом сумын отор нүүдэл хийж байгаа малчдад юун түрүүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, 300 боодол өвс, 200 уут мод бэлтгэж хүргэх ажлыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хилийн 0245 дугаар анги хамтран гүйцэтгэж байна.
-Одоо тусламж авч чадахгүй, хүнд байдалтай байгаа сум, багийн иргэд бий юү?
-Уулархаг газраар отор хийж хаваржиж байгаа айлуудад тусламж үзүүлж чадахгүй хэцүү байна. Жишээ нь, Өмнөговь сумын Холбоо багийн 67 өрх айл, Өлгий сумын Чаргат багийн долоо, Өгийнуур багийн 10, Хулст багийн 17 өрх айл цасанд боогдчихоод байгаа юм. Тэдэнд тусламж үзүүлэхээр манайхан цасны хоёр машинтай гарсан байгаа. Ачааны машинтай хүмүүс нь тэр уулархаг хэсэг рүү ойртож очих ямар ч боломж алга. Тэндхийн мал бэлчээрт гарч чадахгүй гурав хонож байна гэсэн.
Л.ГАНЧИМЭГ