Өнгөрөгч амралтын өдөр орсон их цас, цасан шуурганы улмаас нэг иргэн амиа алджээ. 97 хүн төөрснөөс 94-ийг нь олсон байна.
ОБЕГ-т хохирогчийн ар гэрийнхний өгсөн мэдээллээр "Хохирогч иргэн 50 орчим насны, хөгжлийн бэрхшээлтэй иргэн байсан бөгөөд гэрийнхэн нь малдаа явахдаа цоожлон орхисон байна. Харин хохирогч цоожоо эвдэж гарсан " хэмээн мэдээлжээ. Цас, цасан шуурганы улмаас үүссэн хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байгаа юм. Түүнчлэн улсын хэмжээнд нийт 97 иргэн сураггүй болсон гэсэн дуудлага ОБЕГ-т ирсэн байна. Тэдний 94-ийг олсон бөгөөд одоогоор Дундговь, Хэнтий аймгуудын нэг, нэг иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна.