Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн I хэлтсээс дүүргийн 1-8 дугаар хороонд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах, эргүүл, хяналт шалгалтыг эрчимжүүлэх нэг сарын аяныг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран өнгөрсөн сарын 16-наас энэ сарын 16 хүртэл зохион байгуулж буй аж. Аяны хүрээнд дүүргийн 1-8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гэрээт харуул хамгаалалтын албадуудын дунд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд бидний оролцоо” сэдэвт зөвлөлгөөнийг өнөөдөр зохион байгуулжээ. “Cкай энд хар чоно” гэрээт харуул хамгаалалтын албаны хуулийн зөвлөх Ш.Дуламсүрэн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд бидний оролцоо” сэдвээр “Детек” гэрээт харуул хамгаалалтын албаны хамгаалагч С.Гүнбаяр “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хамгаалагч бидний оролцоо” сэдвээр тус тус мэдээлэл хийж, гэрээт харуул хамгаалалтын бүртгэлийн гэрчилгээ, галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл, автомашины дуут дохио ашиглах чиглэлээр хариуцсан чиглэлийн ахлах байцаагч нар мэдээлэл хийж, зөвлөлгөөнд оролцогч нарын санал хүсэлтийг сонсож хариулт өгсөн аж.