Нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах үерийн ус зайлуулах далан суваг, барилга байгууламжийн ашиглалт, хоолойнуудын ус нэвтрүүлэх чадвар болон үерийн аюулаас айл өрх, иргэдийг хамгаалах бэлтгэл ажлыг шалгажээ. Уг шалгалтыг нийслэлийн Онцгой байдлын, Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс, нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” хамтран явуулж, үерийн хамгаалалтын далан суваг, барилга байгууламжийн хоолойнууд ахуйн хатуу болон, шингэн хог хаягдлаар бохирдсон, битүүрсэн, эсэхийг үзээд цэвэрлүүлж эхлүүлсэн байна. Мөн нийслэлийн Засаг даргын “Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх” захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд үерт өртөх эрсдэлтэй 1980 айлд аюулгүй байдлаа хангаж нүүх мэдэгдэл хүргүүлжээ.
Өнгөрсөн өдрүүдэд орсон их хэмжээний цас хайлж ихэнх нутгаар шар усны үерт өртөх эрсдэлтэй тул иргэд олон нийт, байгууллага аж ахуй нэгж гэр, орон сууц, хашаа, саравч, орон байрыг усанд автахаас сэргийлж, бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулсан байна.