Өнгөрсөн амралтын өдөр орсон их хэмжээний цасны улмаас нийслэлийн Онцгой байдлын газарт машин цасанд сууж хөлдөх осгох эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн, төөрсөн дуудлага нилээдгүй ирсэн байна. Дуудлагуудын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллалаа. Төв аймгийн Баян сум, Мааньтын хорихын зүүн талд гурван том хүн, таван хүүхэдтэй автомашин цасанд боогдсон, машин нь шатахуунгүй болсон гэсэн дуудлагыг өсгнөөр Аврах гал унтраах 80 дугаарын ангийн албан хаагчдыг очиход Төв аймгийн Баян сумын нутаг хүдрийн уурхай орох замд автомашинтай найман иргэн цасанд боогдсон байсныг аюулгүй газарт хүргэжээ.
Мөн энэ сарын 4-нд Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын нутаг Ар хүйтэн гэдэг газарт иргэн Б төөрсөн гэсэн мэдээллийн дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 27 албан хаагч, аврах ажиллагаа явуулж Бэрхийн булан гэдэг газар Хэрлэн голоос автомашин нь мөсөнд цөмөрсөн байдалтай байсныг олж голоос татаж гаргасан байна. Одоогоор тухайн иргэнийг усанд осолдсон байх магадлалтай тул нийслэлийн Аврах ангийнхан хайж байгаа гэнэ.
Налайх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Хэнтий, Сүхбаатар аймгийн чиглэлийн авто замын постод, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Төв аймгийн чиглэлийн авто замын постод, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс баруун аймгийн чиглэлийн авто замын пост, уулзваруудад иргэд төөрөх, цасанд суух, хөлдөх аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, тандалт зохион байгуулж 68 иргэнийг цасанд боогдсон байсныг аварчээ.