Энэ сарын 4-ны бямба гарагт нийслэлд их хэмжээний цас орж Онцгой байдал, Замын цагдаагийн газар, Нийгмийн хэв журам хамгаалах газар, Нийтлэг үйлчилгээний газруудын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Их хэмжээний цас орж, замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйлс бий болсноор нийслэлийн баруун, зүүн замын постыг түр хугацаагаар хаасан байсныг ням гаригийн 07.30 цагт нээсэн. Бямба гарагт улсын хэмжээнд зам тээврийн осол хэрэг 520 бүртгэгдсэнээс Баянзүрх дүүрэгт 153 нь бүртгэгджээ. Энэ 153 дуудлагын 128 нь осол, 25 нь хэрэг байсан бөгөөд согтуугаар жолоо барьсан 14 этгээдэд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авсан хэмээн Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасгаас мэдээллээ. Харин Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний дөрвөн газрын алба хаагчид бямба, ням гарагт амралтгүй ажиллаж, дүүргийн нийт нутаг дэвсгэрийн замд 24 тонн бодис, 12 тонн давс цацсанаар ням гарагийн 14.00 цагийн байдлаар дүүргийн нийт замын цас бүрэн арилсан, халтиргаагүй болсон юм.