УИХ-ын намрын чуулганы эхлэл сүржин, буулт нь даржин болов. Чуулган нээхийн өмнөх өдөр Ерөнхий сайд МҮОНТ-ээр үг хэлж, томоохон төслүүдээ урагшлуулснаа зарласан юм. Мөн энэ өдөр Тавантолгойн гэрээнд талууд гарын үсэг зурах байсан. Гэвч Засгийн газрын түвшинд асуудлыг шийдэхийн өмнөхөн УИХын дарга няцааж орхив.
“Гэрээг УИХаар хэлэлцүүлэлгүйгээр гарын үсэг зурсан сайдыг огцруулна” хэмээн тэр мэдэгдсэнээр Хууль тогтоох болон Гүйцэтгэх засаглалын түвшинд талцал үүсэв. Олон нийт ч эргэлзэж орхилоо. Тэгвэл үдээс хойш УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, энэ асуудлаар Ерөнхий сайд болон УИХ-ын даргын мэдээллийг сонсчээ. Тэд хаалттай хуралдааны үеэр “сэтгэлээ уудлалцсан” бололтой. Зөвшилцс өн, нэгдсэн шийдвэрт хүрсэн хэмээн зэрэгцэж сууж байгаад мэдэгдэх нь тэр. Тэр хооронд ч юм юм л боллоо.
С.УУЛ
ТАВАНТОЛГОЙН АСУУДЛЫГ УИХ-ААР ОРУУЛЖ ШИЙДЭХЭЭР БОЛОВ
“ГЭРЭЭГ УИХ-ААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХГҮЙГЭЭР ШИЙДВЭР ГАРГАСАН САЙД НАРЫГ ОГЦРУУЛНА”11.40 цаг. УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Нээлтэд 67 гишүүн оролцов. Танхимын гадна УИХ-ын гишүүн асан, Хамуг Монголын хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяр “Оюутолгойн аудитын шалгалтын дүнг УИХ-аар нээлттэй хэлэлцүүл” гэсэн бяцхан лоозон барьж, анхаарал татсаныг эс тооцвол нам гүм байсан. Харин морин цаг гэхэд танхимд цугласан гишүүд, бусад зочин, төлөөлөгч, албан тушаалтныг УИХ-ын даргын хатуухан мэдэгдэл хүлээж байсан юм. Тэрбээр 2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан энэ удаагийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад ганцхан жилийн хугацаа үлдсэнийг сануулж, шийдэх асуудал их буйг анхааруулсан. Ялангуяа Монгол Улсын сонгуулийн нэгдсэн болон Улс төрийн намын тухай хуулийн төслүүдийг энэ чуулганаар батлах нь улс төрийн чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв. Үүний зэрэгцээ төрийн албан хаагчдыг хоморголон халж байгаа талаар УИХ-д олон арван гомдол, санал ирж буйг дурдаад, бүх шатанд халаа сэлгээгээ яаралтай зогсоох хэрэгтэй гэлээ. Үгийнхээ төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд “Тавантолгойн ордыг ашиглах талаар явуулж буй хэлэлцээр нь Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг зөрчиж байна.
Энэ талаар УИХ-ын удирдлага байр сууриа албан ёсоор илэрхийлж, энэ сарын 3-нд Засгийн газарт хүргүүлсэн. Хэлэлцээр байгуулж байгаа нөхцөлөөс харахад Монгол Улсын эдийн засаг нэг зах зээлээс бараг бүрэн хамааралтай болох байдал үүсэж байна. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан нэг улсын хөрөнгө оруулалтыг нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс ихгүй байлгана гэсэнтэй нийцэхгүй байна. Хэлэлцээрийн төслийг өнөөдөр (өчигдөр) өглөө нэхэж авлаа. Төслийг эрхэм гишүүд Та бүхэнд хүргүүлсэн. Та бүхэн уншаад, Засгийн газар яагаад УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр, чуулган нээгдэж буй энэ өдөр яаран шийдвэрлэх гэж байгааг ойлгох болно. Өнөөдөр (өчигдөр) байгуулахаар төлөвлөж байгаа эдгээр гэрээ, хэлэлцээрийн төслийг харахад Монгол Улсын үндэсний эрх ашгийг хангаж чадаагүй байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын үүрэг маш тодорхой хугацаатай байгаа бол нөгөө талын үүрэг нь хугацаагүй, зорилтын шинж чанартай, зорилт биелээгүй тохиолдолд хүлээх хариуцлагагүй байна.
Мөн Тавантолгойн ордыг ашиглах гэрээг 30 жилээр байгуулж, дахин 30 жилээр сунгах, иргэдийн эзэмшиж буй 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай тохиролцоогүй, нэмэлт хайгуул хийгээд нөөцийг хэрхэх нь тодорхойгүй, дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтад одоо оруулсан “Энержи Ресурс” компанийн хөрөнгө оруулалтыг хамруулсан, төмөр зам өргөтгөх бол зөвхөн хөрөнгө оруулагч нөгөө тал хийх эрхийг олгосон, төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК-ийн зардлыг шалгасны дараа төлөх, нөгөө талын хөрөнгө оруулалтыг үнэлэхгүй буюу байгаагаар нь тооцох зэрэг заалт оруулж, гэрээг цуцалсан тохиолдолд хөрөнгө оруулагч “Шинхуа” компанийн 30 жилд олох байсан ашгийг төлөх үүрэг хүлээсэн байна. Эдгээр гэрээг байгуулахдаа Монголын тал ямар ч хуулийн болон санхүүгийн хөндлөнгийн зөвлөгөө аваагүй. Харин хөрөнгө оруулагч тал олон улсын нэр хүнд бүхий “Deloitte’’, “KPMG’’ зэрэг компаниас үйлчилгээ авсан байна. Ийм ноцтой үр дагавартай, Монгол Улсад илт хохиролтой гэрээ, хэлэлцээр байгуулахыг би зөвшөөрөхгүй. УИХ-ын 39 дүгээр тогтоолын дагуу Тавантолгой ордыг ашиглах гэрээг парламентаар яаралтай хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Хэрэв Тавантолгойн ордыг ашиглах гэрээ, хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр өнөөдөр гарын үсэг зурах шийдвэр гаргасан, гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт хариуцлага тооцон, огцруулах болно гэдгийг мэдэгдье” гэсэн юм.
М.ЭНХСАЙХАН: БЭЛТГЭСЭН ТӨСЛҮҮДЭЭ ШИЙДЭХ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИН ЗАСГИЙН ГАЗАРТ ХҮРЭЛЦЭЭТЭЙ БАЙГАА15.30 цаг. Тавантолгойн ордыг ашиглах гэрээ нь Монгол Улсын үндэсний эрх ашгийг хангаж чадаагүй хэмээн хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын дарга З.Энхболд онцолсон. Тэрбээр гэрээний төслийн хэд хэдэн заалтыг цохож, энэ дүгнэлтээ учирласан юм. Харин өчигдөр 15.30 цагт Монгол Улсын сайд, Тавантолгойн хэлэлцээ хийж буй ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан хэвлэлийн бага хурал зарлаж, үүнд тайлбар хийлээ. Тэрбээр УИХ-ын дарга хариуцлагагүй мэдэгдэл хийсэн хэмээн тодотгоод хоёрдугаар сард ажлын хэсэг дотроо хэлэлцэж байсан гэрээний төслийн хуучин хувилбарыг зөвлөхүүд нь авч, З.Энхболд даргад буруу мэдээлэл өгсөн байна гэв. Нэг улсын хөрөнгө оруулалтын хэмжээ нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс ихгүй байлгах тухай заалт УИХ-аар 2010 онд баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд бий. Тавантолгойн хөрөнгө оруулалтын бүтэц энэ заалтыг зөрчсөн хэмээн УИХ-ын дарга өчигдөр өглөө мэдэгдсэн бол М.Энхсайхан сайд “Энэ хэмжээ 30 хувьд хүрэхгүй.
Хэлэлцээний явцыг ажлын хэсгийнхэн УИХ, Засгийн газар, улстөрч, олон нийтэд байнга мэдээлж ирсэн ч эцсийн тохироог зөвхөн Засгийн газар хэлэлцэж, Засгийн газар хүрсэн үр дүнг УИХ-д танилцуулах төрийн ёс жаягтай” гэдгийг тодотголоо. Нөгөөтэйгүүр, иргэдийн эзэмшиж буй 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай тохиролцоо хийгдээгүй хэмээн спикер буруутгаж буй. “1072 хувьцааны тухайд УИХ-ын өөрийнх нь шийдэх, өөрөөр хэлбэл, Монголын цэвэр дотоод асуудал болохоос хэлэлцээгээр ярьдаг, тэр тусмаа хөрөнгө оруулагчидтай ярьж тохирдог асуудал энэ биш” хэмээн М.Энхсайхан сайд залруулав. Төрийн өмчит “Монголын төмөр зам” компанийн зардлыг хянаж шалгасны дараа төлбөр гүйцэтгэх нь буруу гэсэн маягтай мэдэгдлийг хууль тогтоох засаглалын тэргүүн хийсэн. Гаргасан бүхий л зардлуудыг баримт, бичгээр баталгаажуулж, магадлан шалгаж байж түүнд тохирсон хэмжээний мөнгийг хөрөнгө оруулагчид Монгол Улсын Засгийн газарт төлөх учиртай.
Хэрвээ буруу ашиглагдсан хөрөнгө мөнгө илэрвэл түүнийг хөрөнгө оруулагч хариуцах тулгалт хийх нь шударга ёсонд үл нийцнэ. Тиймээс ийм тохиролцоог буруушааж байгаа нь олон улсын бизнесийн харилцааны стандартад нийцэхгүй гэнэ. Түүнээс гадна гэрээг цуцалсан нөхцөлд “China Shenhua Energy” компанийн 30 жилийн ашгийг Монгол Улс төлөх, эдгээр гэрээг байгуулахдаа Монголын тал хуулийн болон санхүүгийн хөндлөнгийн зөвлөгөө аваагүй гэхчлэн УИХ-ын дарга З.Энхболд гэрээг, түүнийг байгуулахаар зэхэж буй ажлын хэсгийг буруутгасан юм. Энэ тухайд М.Энхсайхан сайд “Гэрээнд өнөөдөр гарын үсэг зураад, маргааш цуцалбал хөрөнгө оруулагч тал 30 жилийн ашгаа нэхэх асуудал энд огт байхгүй. Энэ гэрээ бүрэн хүчин чадлаа автал, өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газар зохих зөвшөөрлүүдээ өгөөд, түүний үндсэн дээр хөрөнгө оруулагчид урьдчилгаа 200 сая ам.доллараа манай Засгийн газарт төлөх хүртэл гурван сарын хугацаа шаардлагатай. Харин түүний дараа нөгөө тал хөрөнгөө оруулаад, гэрээ бизнесийн бодитой харилцаанд орсны дараа бид гэрээнээс татгалзвал үүнийг зохицуулах томъёо тэнд бий.
Том компаниуд орж ирэхдээ Монголын Засгийн газарт итгээд, 30 жил ажиллана гэж тооцоод хөрөнгө оруулсан байтал бид гэрээгээ цуцалбал тэд ашгаа нэхэх эрхтэй. Энэ нь олон улсын стандарт. Гэхдээ нэхэх эрх нь томъёогоор илэрхийлэгдэж байгаа. Түүнийг муйхарлан тайлбарлаж болохгүй” гэлээ. Гэрээний төсөл зөв, буруу эсэхийг холбогдох хуультай, уралдаант шалгаруулалтын болзолтой дүйцүүлж харах нь зүйтэй. Эдгээр нь хангагдаж байвал болж байна гэхээс биш, хүн бүр өөрийн дур хүслээр шалгуур тавьж төсөлд хандаж огт болохгүй. Энэ үүднээс нь авч үзвэл хууль тогтоомжийг зөрчсөн зүйл Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай байгуулах гэрээний төсөлд огт байхгүй гэнэ. Хэрвээ энэ нь таалагдахгүй, улстөржөөд, хэдэн сайдтай хариуцлага тооцно гэж ярьж байгаа бол түүнд бэлэн гэдгээ М.Энхсайхан сайд хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ. “Ер нь Засгийн газар тохиролцоонд хүрсэн, бэлтгэсэн төслүүдээ өөрийнхөө эрх, хэмжээнд шийдэх хууль, эрх зүйн орчин хүрэлцээтэй байгаа. Тавантолгойн хувьд үндсэндээ тохиролцоонд хүрсэн. Энэ гэрээний төслийг хэрвээ Засгийн газар сайшаагаад, дараа нь хөрөнгө оруулагчидтай үзэглэвэл түүний дараа УИХ-д танилцуулна. Түүнээс өмнө УИХ-аар хэлэлцүүлэх хууль, эрх зүйн шаардлага байхгүй.
Өөрөөр хэлбэл, манай төрийн тогтсон жаяг болох хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл өөр хоорондоо хутгалдахгүй байх учиртай. Харамсалтай нь, УИХ-ын дарга төрийн хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг хольж хутгасан санаа дэвшүүлж байгаагаараа алдсан” гэдгийг тэрбээр нэмж хэллээ. Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хийхээр зэхэж буй гэрээг өчигдөр 16 цагт эхэлсэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Дашрамд дурдахад, Тавантолгойд хөрөнгө оруулах түншлэлд багтаж байгаа “China Shenhua Energy”, “Sumitomo” компанийн гэрээнд гарын үсэг зурах эрх мэдэл бүхий албан тушаалтнууд Монголд ирээд байгаа аж. Тэднийг дагалдан NHK, “Xinhua”, CCTV-гийн сурвалжлагч нар ч иржээ. Хэрвээ Тавантолгойн хэлэлцээрийг амжилттай байгуулж чадвал Монгол Улсад ойрын хугацаанд 500- 600 сая ам.доллар орж ирэх боломжтой аж. Хөрөнгө оруулагч талаас урьдчилгаа 200 сая ам.доллар авахаар тохироод байгаагаас гадна төмөр замын бүтээн байгуулалтад урьд нь Засгийн газрын зарцуулсан бараг 280 сая ам.долларын хөрөнгийг бичиг баримтыг магадлан шалгасны дараа нөхөж авах бололцоотой юм байна.
Мөн хөрөнгө оруулагч тал уурхайн оператор болох учраас “Эрдэнэс Тавантолгой” болон “Монголын төм өр зам” компанийн зарим өмчийг хөрөнгө оруулагчдад шилжүүлэх шаардлага үүсэх аж. Түүнтэй холбоотой төлбөр тооцоогоор Монголд мөнгө орж ирэх гэнэ. Эдийн засгийн үржүүлэгч нөлөөгөөр хэмжвэл “Тавантолгой” төсөл манай ДНБ-ийг ойрын 2-3 жилд 10-аас доошгүй хувиар өсгөх бололцоотой хэмээн тооцож байгаа. Нөгөөтэйгүүр, “Тавантолгой” нь том төслүүдийн өмнө “мөс зүсэж” байгаа учраас хэрвээ амжилтгүй болбол ярьж байгаа бусад төсөл нурах эрсдэл асар өндөр байгаа.
17.30 цаг. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд нар зэрэгцэж суугаад мэдээлэл хийлээ. Тэд зөвшилцсөн, ойлголцсон гэнэ. Юуны өмнө бусад намын Бүлэгтэй хамтарсан Ажлын хэсэг байгуулах, хэлэлцэж байгаа гэрээний төслийг УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай хэмээн санал нэгдсэн аж. УИХ-аар гэрээг хэлэлцсэний дараа гарын үсэг зурах эрх олгох гэнэ. Нэгэнт АН-ын бүлгийн гишүүд гэрээг УИХ-аар хэлэлцүүлэх ёстой хэмээн санал нэгдсэн учраас М.Энхсайхан сайдын мэдэгдэл хүчингүй болсон гэсэн үг. Ерөнхий сайд энэ талаар “Асуудлыг 14 хоногт багтаан шийдэж өгөөч гэж би гишүүдээс хүссэн. Үндсэндээ зөвшилцөж ойлголцлоо. Тавантолгойн хэлэлцээр цааш үргэлжилнэ. Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулагч консерциумын төлөөлөгчтэйгээ өнөөдөр уулзаж, энэ чиглэлийн засваруудаа хийнэ. Засгийн газрын хуралдаанаар гэрээг УИХ-д танилцуулах бэлтгэл ажлаа базаана.
Өчигдөр орой би олон нийтэд хандаж үг хэлсэн. Монгол Улс эдийн засгаа тэлэхийн тулд томоохон төслүүдээ хөдөлгөх шаардлагатай байгаа. Нэг, хоёр долоо хоногийн хувьд энэ асуудал харьцангуй гайгүй. Дахиж нийгэмд үл ойлголцол үүсгэхгүйн тулд УИХ энэ асуудлаа яаралтай хэлэлцээд, Засгийн газар холбогдох шийдвэрээ гаргаад явна” гэв. Харин УИХ-ын дарга “Өнөөдөр Тавантолгойн гэрээнд гарын үсэг зурах гэж байсан. Гадаад хэргийн яамнаас өнөө өглөө миний нэр дээр цаасан дээр буусан хэлбэрээр болон электрон шуудангаар ирснийг УИХ-ын гишүүдэд болон вебсайтад тараасан байгаа. М.Энхсайхан миний буруу, зөв ярихыг шийддэггүй. М.Энхсайханы ажлаа буруу, зөв хийж байгааг УИХ шийддэг. Тийм учраас миний үгэнд итгэх хэрэгтэй. Тавантолгой онцлогтой компани. Нийт иргэн хувьцаа эзэмшдэг. Ийм том хэмжээний хэлцлийг хувьцаа эзэмшигчид бүгд мэдэж, ойлгож, юу хийх гэж байгаагаа ухамсарлах ёстой. Энэ бол нууц биш, ил байх ёстой. Засгийн газрын хэлэлцээрийг анхнаасаа ил тод байлгахыг шаардсан. Одоо үр дүнд хүрч байна. Яг гарын үсэг зурахад бэлдсэн гэрээг монголчууд та бүхэндээ, иргэддээ ил болгож байгаа нь энэ. Ерөнхий сайд өргөн барьсан тохиолдолд Улсын Их Хурал цаг алдахгүй хэлэлцэж, гарын үсэг зурах эрхийг олгоно” гэлээ.