Нийслэлийн прокурор Б.Бат-Орших, орлогч Ц.Батболд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, орны хүмүүсийг нь сонгон шалгаруулалтаар томилохоор зарлаад байгаа. Харин энэ хугацаанд Нийслэлийн прокурорын үүргийг тус газрын өөр нэг орлогч Д.Баянжаргал түр орлон гүйцэтгэж буй юм.
Энэ сонгон шалгаруулалтад хэд хэдэн хүн материалаа бүрдүүлэн өгсөн бөгөөд тэдний дотор АТГ-ын Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбат байгаа гэнэ. Тэгвэл улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан дүүргүүдийн прокурор, тэдний орлогч нарыг чөлөөлөх, шинэ бүтцээр ажиллуулах тушаал гаргажээ.
Тухайлбал, Дүүргийн I прокурорын газрын прокурор Д.Энхтөр, Дүүргийн II прокурорын газрын прокурор Б.Баян-Очир нарыг албан тушаалаас нь чөлөөлж, тэдний оронд мөн сонгон шалгаруулалтаар хүн томилохоор болж буй гэнэ.
Харин шинээр хүн томилогдтол I прокурорын газрын прокурорын үүргийг орлогч прокурор А.Бямбацэемаа, II прокурорын газрын үүргийг орлогч прокурор Н.Энхтуяа нар түр орлохоор болжээ. Түүнээс гадна Дүүргийн I, II прокурорын газарт нийслэлийн төвийн зургаан дүүргийг хариуцсан хэлтэс байгуулсан аж. Хүн ам ихтэй зарим дүүрэгт хоёр ч хэлтэс байгуулан ажиллуулахаар бүтцийн өөрчлөлт хийжээ.