16 нярай эмэнд хордож, ухаан алдан Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ирж байсан цаг саяхан. Тухайн үед “Монос” эмийн сангийн жор баригчийн бичсэн “Фенобарбитал” эмийг том хүний тунгаар 23 хүүхдэд өгснөөс болж 16 нь хордсон юм. ЭХЭМҮТ-ийнхөн хүүхдүүдэд яаралтай эмчилгээ хийж, амийг нь аварсан ч эмийн гаж нөлөө илэрсээр байгааг эцэг эх нь олон нийтэд мэдээлсээр байгаа. Гэтэл энэ хэгийн дуулиан намжаагүй байхад “Монос”- ынхон ахиад л ЭХЭМҮТ-ийнхний захиалсан эмийг буруу олгосноос болж найман хүүхэд эмэнд хордоод байна.
Тодруулбал, тус төвд нэн шаардлагатай харшил, амьсгалын замын үрэвсэл, бөөрний дутагдал, цусны өвчний үед уулгадаг “Ланадексон” эм нь өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд тасарсан тул тэд гэрээнийхээ дагуу “Монос”-оос уг эмийг утсаар захиалан авчруулжээ. Гэтэл “Монос”-ын захиалга хүлээн авсан ажилтан нь уг эмийн оронд “Лансорбид”- ыг падаан дээр бичиж, хүргүүлсэн юм байна. Захиалгаар буруу эм ирснийг нь ЭХЭМҮТ-ийн эмч, ажилтнууд нь ч мэдэлгүй найман хүүхдэд 180 ширхгийг 4-5 хоног уулгаснаас болж хүүхдүүд хордлогод оржээ. Уг эм нь зүрхний архаг дутагдлын үед уудаг, нэлээд хүчтэй эм аж. Хүүхдүүдэд яагаад буруу эм уулгасныг тодруулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан өнгөрсөн баасан гаригт ЭХЭМҮТ-д очиж шалгалт хийсэн юм билээ.
Энэ талаар тус газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын албаны дарга Н.Гансүхээс тодруулахад “Хүүхдүүдэд эм андуурч өгсөн гэсэн мэдээллийн дагуу бид ЭХЭМҮТ-ийн үйл ажиллагааг шалгасан юм. Тус төвд тендерээр олгож байсан “Ланадексон”- ы нөөц нь гуравдугаар сарын 19-нд дууссан байсан. Тиймээс тэд “Монос”-ын эмийн агуулах руу утасдаж, “Ланадексон” тасарчихлаа. Яаралтай олгоно уу” гэсэн юм билээ. Энэ дагуу “Монос”-ынхон эм нийлүүлэхдээ хариуцлага алдаж, эмийг андуурч хүргүүлсэн байсан. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд аливаа эмийг утсаар захиалахыг хориглодог. Эмнэлгийн удирдлагууд эм тасарсан тохиолдолд ханган нийлүүлэх байгууллагуудад албан бичиг хүргүүлж, хариуцлагатай хандах ёстой.
Үүнээс том алдаа нь ЭХЭМҮТ-ийн эмийн ажилтан тухайн эмийг захиалахдаа худалдааны нэршлээр нь хэлсэн байгаа юм. Олон улсын нэршлээр нь хэлэх ёстой. “Ланадексон” нь дексаметазоны төрлийн эм л дээ. Гэтэл ингэж хэлээгүйгээс “Ланадексон”-ыг насанд хүрэгчдэд зүрхний архаг дутагдлын үед уулгадаг “Лансорбид”-тай андуурч өгсөн хэрэг гарлаа. Энэ явдалд тухайн эмнэлгийн удирдлага, зохион байгуулалт, дотоод хяналт, эм олгосон ажилтан, эмч, сувилагч гээд ЭХЭМҮТ-ийнхөн 100 хувь буруутай болох нь шалгалтаар тогтоогдсон. Тиймээс тус төвийн удирдлагуудыг Эм, эмнэлгийн хэрэгслийн болон Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу 4.6 хүртэлх сая төгрөгөөр торгох арга хэмжээ авна. Жил бүрийн гуравдугаар сарын 1-нээс эмийн тендер эхэлдэг.
Тиймээс эрүүл мэндийн байгууллагууд тендерээр олгогддог эмийг тухайн сар дуустал ямар нэгэн байдлаар тасалдуулахгүй, нөөцлөх үүрэгтэй. Гэтэл тус эмнэлгийн удирдлагууд үүнийг зөрчсөн. Дээрээс нь ямар нэг сонгон шалгаруулалтгүйгээр, эмнэлгийн даргын тушаалаар эм татах явдал нь хууль бус үйлдэл. Ганц ЭХЭМҮТ ч гэлтгүй эрүүл мэндийн байгууллагууд бүгд ийм болсон байна” гэж ярьсан юм. Эмэнд хордсон найман хүүхдийн дөрөв нь эмнэлгээс гарч, үлдсэн хүүхдүүдийн бие сайжирч байгаа гэнэ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхны ярьснаар эдгээр хүүхэд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Цусны эмгэг судлалын тасагт цусны эмгэг, хавдартай гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байжээ.
“Угийн бие муутай хүүхдүүдэд зүрхний архаг дутагдлын эмийг насанд хүрэгсдийн тунгаар 4-5 хоног, 180 ширхгийг уулгасан нь байж боломгүй явдал. Цаашид эмийн сөрөг нөлөө илрэх нь цаг хугацааны асуудал болчихоод байна” гэж Н.Гансүх дарга хэлж байв. Уг нь эмийг анх тараах явцад тус тасгийн сувилагч нь “Энэ эм өөрчлөгдчихсөн юм уу. Хайрцаг нь өөр байна” гэж анхааруулсаар байтал эмийн ажилтан нь “Үгүй ээ, заавал өгөх ёстой” хэмээн тасгуудад тараасан гэсэн. Азаар нэг хүүхдийнх нь аав “Бидний хүүхдэдээ уулгаж байгаа эм солигдсон байна” гэж эмчдээ хэлснээр энэ хэргийг бүгд мэдэцгээжээ. Тиймээс ЭХЭМҮТ-ийнхөн ажлын хэсэг яаралтай байгуулж, эмэнд хордсон хүүхдүүдийг цаг алдалгүй эмчилсэн гэж албаны хүмүүс хэллээ.
Стандартаар 700 ортой төвд эмийн 12 мэргэжилтэн байх ёстой атал ЭХЭМҮТ ийм 4-5 ажилтантай байжээ. Мэргэжлийн хяналтынхан “Монос”- ынхон хариуцлага алдсан нь үнэн ч тэднийг шууд буруутгах нь өрөөсгөл. Эмийн захиалгыг утсаар өгч, авалцахдаа хэн нь эмийн нэрийг андуурсныг нотлох баримт байхгүй. Гэсэн ч хуулийн дагуу “Монос”-ын удирдлагад торгууль ногдуулж, албан шаардлага хүргүүлнэ” гэсэн юм. ЭХЭМҮТ-ийнхөн эмийг шалгалгүй хүүхдүүдэд уулгасан алдаагаа хүлээж буй ч захиалсан эмийг нь нийлүүлээгүй “Монос”-ынхныг буруутгаж буй бололтой, ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзсан юм. Жил хүрэхгүй хугацаанд эмч, жор баригч нарын буруугаас болоод 24 хүүхэд эрүүл мэнд, эд эрхтнээрээ хохироод хоцорч байна. Энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ.
О.БАТ-УНДРАХ