Монгол залуус Өмнөд Солонгост гэрээгээр болон хараар хүнд хүчир ажил хийж ар гэр, ахуй амьдралаа залгуулахаар зүтгэж байгаа. Манай залуус ингэж Гуулин улсыг зорих болсноор ажиллах хүчний орон зай ихэсч, түүнийг нь хятад, хойд солонгосын иргэдээр нөхөж буй. Ялангуяа барилгын ажилд хятад, хойд солонгосчууд олноороо ажиллаж буй билээ. Дэлхийд цөөн үлдсэн социалист, коммунист дэглэмтэй орнуудын нэг БНАСАУ-ын ажилчид ар гэрээ, хайрт удирдагчаа тэжээхийн тулд бүхий л хүчээрээ ажилладаг гэж гадаадын хэвлэлд бичдэг. Ингэж хөлс хүчээ зарцуулан зүтгэж байгаа ажилчдыг нь манай нэгэн компанийн удирдлага хууль бусаар хорьж, хөлсийг нь өгөхгүй бөөн асуудал үүсгэжээ. Улмаар цагдаа, шүүхдээ тулж, хойд солонгосын ажилчид хохирогч болж, “Ар баян шанд” компанийн захирал С.Дэлгэрмаа гэх эмэгтэй хэрэгтний ширээний ард суужээ. Чухам юу болсон талаар уншигчдадаа хүргэе.
ХОЙД СОЛОНГОСЫН 15 ИРГЭН АЖ АХУЙН ХАШААНД ХОНОГ ТӨӨРҮҮЛЖЭЭС.Дэлгэрмаа захиралтай “Ар баян шанд” компанийнхан БНАСАУ-ын “Женко” компанитай хамтран ажиллах гэрээ 2013 онд байгуулж, тус улсын 15 иргэнийг Монголд авчран Хан-Уул дүүрэгт И Си Си компанийн барьж буй барилгад ажиллуулахаар болжээ. Ингээд ажилчдын түрүүч 2013 оны наймдугаар сард таван хүн, үлдсэн нь есдүгээр сард ирж, дараачийн сараас нь ажилдаа гарцгаажээ. И Си Си компанийнхан гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу амьдрах байр, ор хөнжил, хөдөлмөр хамгааллын хэрэгслээр хангасан гэнэ. Гурван сар гаруй ажиллаж байтал “Ар баян шанд” компанийнхан 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс цалингаа өгөхөө больж, учрыг нь тайлбарлахдаа И Си Си-гээс мөнгө орж ирэхгүй байна гэсэн.
Бид нэлээд тэвчиж дөрөвдүгээр сарын 16 хүртэл ажиллаад цалингаа өгөхгүй болохоор нь арга буюу ажлаа хаяж явсан талаар БНАСАУ-ын иргэн Пак Кон Гил цагдаагийнханд мэдүүлсэн байгаа юм. Тэд “Женко” компани руугаа очоод хэд хонож байтал Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар (ИХШХЕГ)-ынхан уг компанийн хоёр менежерийг нь саатуулж, ажлаа хаяж явсан 15 хүнээ ирүүлэх юм бол суллана гэж дэд захирал Хан Ил хэлээд байхаар нь тус газар руу очсон. Гэтэл “Ар баян шанд” компанийн захирал С.Дэлгэрмаа гарч ирээд биднийг микро автобусанд суулган авч явсан. Энэ өдөр бол 2014 оны тавдугаар сарын 1 байсан гэж тэрбээр нэмж ярьжээ.
“Ар баян шанд” компанийн захирал С.Дэлгэрмаа хамгаалагчдынхаа хамт БНАСАУ-ын 15 иргэнийг өмнөх ажил дээр нь бус “Хурд” группийн барилга дээр аваачсан гэнэ. Тэнд ажиллуулахаар болжээ. Гэвч тус группийнхэн ажлын бус цагаар барилгын талбайд энгийн хувцастай хүмүүс байлгадаггүй, хонуулдаггүй учраас аваад яв гэсэн шаардлага тавьж. Тиймээс хойд солонгосчуудыг С.Дэлгэрмаа хот тойруулан явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны 19 дүгээр гудамжинд байх өөрийнхөө эзэмшлийн хашаанд аваачин Монгол гэрт оруулан гаднаас нь цоожилчихож. Ингэхдээ тэдний гар утсыг нь хурааж аваад, заримд нь гар хүрсэн, бие засахад нь хүртэл хараа хяналт дор байлгаж, хүний эрх зөрчсөн гэж хохирогч 15 хүн цагдаагийнханд хэлжээ.
Тухайлбал, хохирогч Ким Ман Ху “С.Дэлгэрмаа захирал ИХШХЕГ-ынхнаар биднийг дуудуулчихаад нэг жижигхэн чингэлэгт бид бүгдийг оруулаад ажил хий гэсэн юм. Бид цалингаа өгөхгүй байгаа учраас ажил хийхгүй” гэж хэлсэн. Хэвтэж суух боломжгүй тэр чингэлэгт биднийг цоожлоод бие засах болоход хажууд минь заавал хоёр хүн дагаж явдаг. Том биетэй монгол залуус биднийг харж зогсоод С.Дэлгэрмаа цохиод байсан. Тавдугаар сарын 1-ний 22.00 цагийн орчимд машин ирж биднийг суулган гэр хороололд аваачаад нэг гэрт оруулж, нэгжээд гар утсуудыг маань хураан авсан” гэжээ. Хохирогч Рёнг Юн Нам “Биднийг чингэлэгт хорьчихоод 15 ширхэг харандаа цаас оруулж “Цалин авахгүй, нутаг буцмаар байна” гэж бич гэж шаардсан.
2-3 удаа цохиод хувцсыг минь урж, гар утсыг нь булаан авсан” гэсэн байгаа юм. БНАСАУ-ын “Женко” компанийн эрх бүхий албан тушаалтан Хванг Ил мөрдөн байцаагчид “Манай компани “Ар баян шанд”-тай хүмүүсийг таван жилийн хугацаагаар ажиллуулах гэрээ хийсэн юм. Тэд И Си Си компанийн барилгад туслан гүйцэтгэгчээр ажиллаж нийт 45 сая төгрөгийн цалин авах ёстой байсан ч өгөөгүй. И Си Си-гийнхэн С.Дэлгэрмаад цалинг нь бодоод өгсөн гэдэг ч “Ар баян шанд”-ынхан мөнгө өгөөгүй гээд цалинг нь өгөхгүй байгаа юм” гэжээ. Шалгалтын явцад Буянт-Ухаа хорооллын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан И Си Си компанийн төлөөлөгч “Манай компаниас “Ар баян шанд”-ад 110 сая төгрөг өгсөн” гэсэн тайлбар өгсөн нь цагаан дээр хараар бичигдэн үлджээ.
С.ДЭЛГЭРМААД ТЭНСЭН ХАРГАЛЗАХ ЯЛ ШИЙТГЭВМонгол Улс БНАСАУ-тай 1988 онд Иргэн, гэр бүл болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ байгуулж, “…нөгөө талын нутаг дэвсгэрт байхдаа тэрхүү улсын иргэдийн нэгэн адил эрх зүйн хамгаалалтад байна” гэж тусгажээ. Тэгэхээр хойд солонгосчууд Монгол Улсын иргэний адил эрх үүрэгтэй байхаар дурдсан аж. Түүнээс гадна НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй. Хэнийг ч бусдын эрхшээлд байлгах ёсгүй” гэж заасан байдаг. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх “Ар баян шанд” компанийн захирал С.Дэлгэрмаад холбогдох хэргийг хэлэлцээд Монгол Улсын Үндсэн хууль, НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалын заалтыг зөрчиж, БНАСАУ-ын 15 иргэнийг монгол гэрт түгжиж, хууль бусаар хорьсон гэм буруутайд тооцлоо.
Түүнд Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан хоёроос дээш хүнийг хууль бусаар хорьсон нь тогтоогдсон гээд нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нь тэнсэн харгалзахаар болжээ. Харин хойд солонгосчуудад цалингаа иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлүүлэхийг сануулсан байна. Шүүхийн энэ шийдвэрт хоёр тал хэн хэн нь сэтгэл ханамжгүй байгаа бөгөөд давж заалдах гомдлоо Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гаргачихаад байгаа аж.
Г.РАВЖАА