Ховд аймгийн Алтай, Булган, Үенч суманд энэ сарын 3-нд шар өнгөтэй цас оржээ.
Улаандаваа тойрч, нийт 100 км орчим радиус газарт орой нь цагаан цас орж байсан ч өглөө босоод харахад шар өнгөтэй байсан тухай хүмүүс хачирхан ярьж байна. Хөлийн шагайгаар татаж байсан цасыг гараар самардаж үзэхэд дор нь жирийн цагаан цас байсан гэнэ. Энэ нутгийн хөгшчүүд “1945 оны мичин жилд ийм өнгөтэй цас орсон. Ирэх мичин жилийг угтан шар цас орсон нь учиртай” гэцгээж буй аж. Нэрээ хэлэхийг хүсээгүй албаны хүнээс энэ талаар тодруулахад “Манай суманд шороотой холилдсон шаравтар цас орсон ч өдөртөө хайлсан. Элс шороотой холилдсон цасны өнгө шаравтар байх нь аргагүй шүү дээ. Салхины хүчийг сааруулж, элс шорооны нүүдлийг тогтоон барьж байдаг ургамал, мод бутыг нь устгаснаас болоод элс шороог салхи шуурга алс хөл зөөчихдөг болсон. Цөлжилтийн бас нэг нөлөө илэрч байгаа нь энэ. Тэр оройноосоо эхлээд хоёр өдөр шуурсан” гэж ярилаа.
2013 оны хоёрдугаар сарын 3-нд ОХУ-ын Саратов хотод улбар шар өнгөтэй цас орж, нутгийн иргэдийг гайхашруулсан удаатай. Саратовын хөрсөнд цацраг идэвхит бодис эсвэл химийн аюултай нэгдэл агуулагдаж байгаа учраас цасны өнгө ингэж хувирсан гэж хүмүүс таамагдаж байсан ч тус хотын Цаг уурын албаны захирал Михайл Болтукын “Баруун Сахарын циклон салхины нөлөөгөөр Африкийн цөлийн элс Оросын нутаг дэвсгэрт орж ирж байгаа. Үүний улмаас цасны өнгө хувирсан” хэмээн мэдэгдэж, шар цасны учрыг тайлсан юм.