Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол орны ихэнх нутгаар цасан шуургатай байснаас бямба гаригт (энэ сарын 4-ны орой) болсон сар хиртэлтийг монголчууд харж чадаагүй. Тэгвэл байгалийн энэ ховор сонин үзэгдлийг ажиглах завшаан Баян-Өлгий аймгийнханд олджээ. Сар 20.18 цагт хиртэж эхлээд 22.44 цагт дэлхийн сүүдрээс гарсан байна.
Энэ удаагийн сарны бүтэн хиртэлт Төв Ази, Австрали, Хойд болон Өмнөд Америкт илүү тод харагдсан юм. Сар хиртэлт гэдэг нь нар, дэлхий, сар гурав нэг шугаманд давхцах үед саран дээр дэлхийн сүүдэр тусах үзэгдэл юм. Нар хиртэх үзэгдэл дэлхийн тодорхой цэгт л харагддаг бол сар хиртэхийг дэлхий дээр шөнө болж буй бүхий л газраас ажиглах боломжтой. Сарны хэмжээ жижиг тул сүүдэр нь дэлхийн нэг хэсэгт л тусдаг. Тэгвэл дэлхийн хэмжээ сарныхаас том тул сүүдэр нь сарыг бүхэлд нь халхалдаг. Иймээс нарны бүтэн хиртэлт хэдхэн минут, сарны хиртэлт хэдэн цагаар үргэлжилнэ. Үүнээс гадна сар хиртэхдээ тэргэл сараас илүү гэрэлтдэггүй тул түүнийг харахад тусгай багаж шаардлагагүй.