Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар, Биеийн тамир, спортын газар хамтран, аймгийнхаа иргэдийн дунд “Бүх нийтээрээ илүүдэл жингээ хасаж, эрүүл мэндээ хамгаалъя” сэдэвт 15 хоногийн уралдаан зарлажээ. Уралдаанд оролцогчдыг албан ёсоор бүртгэн, эрүүл, зөв аргаар хамгийн их жин хассан 10 иргэн, ажиллагсдаа сайн зохион байгуулж оролцуулсан гурван байгууллагыг шалгаруулж, урамшуулна. Энэ сарын 1-15-нд үргэлжлэх эл арга хэмжээ иргэдийг амралт, чөлөөт цагаа зөв, үр дүнтэй өнгөрүүлж сургах, ажлын байр, гэр орондоо биеийн тамирын дасгал хийдэг, спортоор хичээллэдэг, хөдөлгөөний хомсдолгүй, илүүдэл жингүй болгох зорилготой аж.