"Монгол цэргийн жавхаа 2015" уралдаан 2-5 дугаар сарын хооронд болж байна. Тус уралдааны эхний шатны шалгаруулалт энэ сарын 13-нд болох юм.
"Монгол цэргийн жавхаа - 2015” уралдааны шалгаруулалтын ажлын хэсгийн хурал болж, уралдааны хүрээнд Улаанбаатар хотын үлээвэр найрал хөгжим, цэнгээнт бүжгийн хамтлагуудын дунд уралдаан зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцэв.
Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, НЗДТГ-тай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах “Монгол цэргийн жавхаа - 2015” уралдааныг зохион байгуулахаар болсон. Тус уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа бөгөөд эхний шатны уралдаанд оролцох ангиудыг энэ сарын 13-ны өдрөөс эхлэн дүгнэж дараагийн шатанд оролцох 9 ангийг шалгаруулна. Хоёр дахь шатныхыг шалгарсан ангиудаас дахин шалгаруулалт хийж, шагнал гардуулах ёслолын арга хэмжээг 5 дугаар сарын 23-ны өдөр Их эзэн Чингисийн талбайд зохион байгуулах юм.
“Монгол цэргийн жавхаа - 2015” уралдааны эцсийн шалгаруулалтыг Чингисийн талбайд хийх "Иргэн-цэргийн бахархлын өдөр" цэнгүүний үеэр шагналыг гардуулснаар өндөрлөнө.