Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт байдаг Ээж модыг зорин очдог хүн олон бий. Хүсэл биелүүлдэг гэх Ээж модонд ажил үйлсээ даатган залбирах гэсэн хүмүүс энэ жил цасан шуурга, халтиргаа гулгааг ажралгүй довтолгосоор зорьсон газраа хүрсэн. Хотоос 310 км зайтай байдаг хүсэл биелүүлэгч модны эргэн тойронд сүсэг төрүүлэхээс илүүтэй сэжиг хүргэм дүр төрх харагдаж байсан юм.
Түрүүлж очсон хүмүүсийнхээ идээ, будааг тавцан дээрээс түлхэж унагаад өөрийнхөө тавагтайг байрлуулж, сэтгэлээ амраах нэгэн байхад, түймэр гаргахаар гал дүрэлзүүлж, арц хүж асаах хүн ч таарав. Ээж модыг тойруулан барьсан цайн хашаа, түүнийг ороосон хадаг, торго дурданг сүү, архиар будаж, хүйтэнд тэр нь хөлдөөд хүний огиудас хүргэм болгосон байв.
Уг нь Ээж модны хашааны урд анхааруулга бичсэн байлаа. Шүлэглэн бичсэн тэр сануулгыг тоймлобол “Хог битгий авчраарай, хадаг зүүж битгий боомилоорой, харин хүслээ тээгээд ирэхэд л хангалттай” гэсэн байв. Харин манайхан хэний зөвлөгөө, хаанахын ёсыг баримталсныг бүү мэд, хүн бүр хадаг, сүү, архи барьж очоод эргэн тойронд нь будаа цацаж, торгоор мод ороож, байгаль дэлхийгээ сүйтгэж байна.
Ханш нээсэн өдөр буюу дөрөвдүгээр сарын 5-нд Ээж модны орчимд цагдаа нар хамгаалалтад зогсож, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын хэлтсийнхэн гал түймрээс сэргийлэх зөвлөгөө өгч, худалдаачид наймаа хийж, наадам болж байгаатай л адил байсан.
Харамсалтай нь хүслээ хэлж, Ээж модонд даатгах гэж очсон хүмүүсийн сүсэглэл сэжиг хүргэм төрх бий болгож, ариун дагшин газрыг бохирдуулж байгааг анхааралдаа авч, зохицуулалт хийх цаг нэгэнт болжээ.
Ж.СЭЛЭНГЭ