2030 онд нийслэлийн хэмжээнд дулааны хэрэгцээ 126 хувиар нэмэгдэж, дулааны станцуудын хүчин чадалд үндэслэн дулаан хангамжийн ачааллыг тодорхойлох шаардлагатай байгааг албаныхан мэдэгдлээ.
Тиймээс Улаанбаатар хотын зүүн хэсгийн хэрэгцээг хангах тавдугаар цахилгаан станцыг 2018 оноос өмнө барьж ашиглалтад оруулах зайлшгүй шаардлагатай байгаа аж. Уг төслийн хөрөнгө оруулалт шийдэгдвэл эхний хэсэгт 880 000 оршин суугчдыг дулаан хангамжийн төвлөрсөн системд холбох бололцоотой юм байна. Ингэснээр агаар бохирдуулагч зуух хэрэглэснээс үүсэх тоосжилтыг 46 хувиар, хүхрийн давхар ислийг 86 хүртэл хувиар бууруулах тооцоо гарчээ. Хоёр дахь хэсэгт холигч насосыг барилгуудад, тохируулах хаалтуудыг орон сууцуудад суурилуулснаар дулааны хэрэглээг 10-15 хувиар бууруулах боломж бүрдэнэ гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Улаанбаатар хотын дулаан дамжуулах системийг Баруун Зүүн гэсэн хоёр системд хуваах бөгөөд баруун системийг 3 ба 4 дүгээр цахилгаан станцаас зүүн системийг шинэ 5 дугаар цахилгаан станц ба 300 гкал-ын Дулааны станцаас хангах төлөвлөгөө байна. Тус дулааны станцыг оргил ачааллын үед ачаалал зохицуулах байдлаар ашиглах боломжтой аж.