Монгол, Хятадын соёл, боловсролын сан МУБИС-ийн гурван оюутанд “Мөрөөдлийн амжилт” тэтгэлэг олголоо. Тус санд Монголын их, дээд сургуулиуд тэтгэлэг авах боломжтой оюутнуудаа санал болгосны дагуу сонгон шалгаруулалт явуулж, МУБИС-ийн гурван оюутанд нийт 9000 юань өгсөн юм. Уг тэтгэлгийг МУБИС-ийн IV курсын оюутан Ё.Уранчимэг, М.Сувд-Эрдэнэ, III курсын оюутан Б.Энхцэцэг нар хүртлээ.
Монгол, Хятадын соёл, боловсролын сангийн орлогч, нарийн бичгийн дарга Фен Дэ Хун “Энэ тэтгэлгийг оюутнуудыг амжилтад хүрээсэй гэж өгч байгаа юм. Дараагийн удаа өөр сургуулийн оюутнуудад олгоно. Сургуулиас шилдэг оюутнуудаа санал болгосны дагуу бид ярилцлага авч, сурлагын амжилт, хичээл зүтгэл, ар гэрийн байдлыг харгалзан тэтгэлгийг олгосон” гэсэн бол тэтгэлэг хүртсэн оюутан Ё.Уранчимэг “Би экологи, химийн багш мэргэжлээр сурдаг. Миний дүнгийн голч 3.7. Өмнө нь сургалтын төлбөрийг аав маань төлдөг байсан ч энэ жил өвдөж, төлөх боломжгүй болсон. Харин энэ тэтгэлгийг авснаар төлбөрөө төлж чадахаар боллоо. Маш их баярлалаа” гэв.