Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн нутаг дэвсгэрт газар ашиглалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшиж, ашиглаж буй газрын зориулалт нь УИХ-аас баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгээр тогтоосон Газар зохион байгуулалт, газар ашиглалтын бүсчлэлтэй нийцэж буй эсэх талаар судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах аж. Уг ажлыг ирэх зургадугаар сард багтаан нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар танилцуулахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо.