Гаалийн ерөнхий газрын дарга Б.Цэнгэл, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн нар өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтран ажиллах санамж бичиг үзэглэснээр улс хоорондын шуудангийн илгээмжийг Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлэх болон олон улсын шуудан илгээмжийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу харилцан дэмжих, шуудангийн стандарт, технологи үйл ажиллагаатай холбоотой зөрчлийг арилгах чиглэлээр талууд хамтрах боломж бүрдэж буй гэнэ. Түүнчлэн Гаалийн хяналт шалгалтад ашиглагдаж байгаа техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн саадгүй ажиллагааг хангах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сүлжээ бий болгох, Гаалийн албаны мэдээллийн технологийн CAIS системтэй холбох, шуудангаар үйлчлэгчийг бүртгэл, хяналтын нэгдсэн сүлжээнд холбож, түүнийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэвшүүлэх ажлыг хамтран зохион байгуулах аж.