“Bloomberg” телевизээс гурав дахь жилдээ зохион байгуулсан "Bloomberg Awards"-ийн хамгийн нэр хүндтэй шагнал болох Үзэгчдийн нэрэмжит шагналыг иргэдэд цахимаар газар өмчлүүлэх төсөл хүртсэн. Энэ нь иргэдэд газар өмчлүүлж эхэлснээс хойш газар өмчлөх явцыг ухаалаг, хялбар болгох чиглэлд хийгдсэн томоохон өөрчлөлт болсон гэж үзсэн учраас ийн шалгаруулжээ. НИТХ-ын 2013 оны тогтоолоор нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15.309 га газарт цахим системээр газар өмчлүүлэхээр тогтсон.
Өнгөрсөн оны аравдугаар сард болсон эхний ээлжийн цахим бүртгэлд 28 мянга гаруй иргэн хамрагдсанаас 14.954 иргэн сонгогдож, газраа өмчилж авах эрхтэй болсон юм. Харин энэ оны хоёрдугаар сард зохион байгуулсан хоёр дахь ээлжийн цахим бүртгэлд Улаанбаатар хотын найман байршилд газар өмчлөхөөр 184 мянга гаруй иргэн бүртгүүлж 13.819 иргэн заасан нэгж талбарыг өмчилж авчээ. Одоогийн байдлаар нийт 466 мянга гаруй иргэн цахим бүртгэлд хамрагдаад байгаа бөгөөд цаашид газар өмчлөх эрхтэй 900 мянга орчим иргэнд газар өмчлүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.