Дэлхийн эрүүл мэндийн өдөр өнөөдөр тохиож байна. ДЭМБ энэ өдрийг жил бүр нэг сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил “Тариалангийн талбай, малын бэлчээрээс зоогийн ширээ хүртэл хүнсний аюулгүй байдлыг хангая” уриан дор тэмдэглэж буй юм. Учир нь дэлхийд жилд зургаан тэрбум хүн суулгалт өвчнөөр өвчилж, хоёр сая хүн хоол хүнснээс болж амиа алддаг байна. Манай улсад ч хүнстэй холбоотой өвчин нэмэгдэн, сүүлийн таван жилд Улаанбаатар хот болон найман аймагт хоолны хордлого олноор бүртгэгдсэн аж. Хүнсний аюулгүй байдал нь ганц, хоёр салбарын асуудал биш. Үүнд үйлдвэрлэгч, тээвэрлэгч, худалдагч, худалдан авагч гээд хүн бүр оролцох нь чухал гэдгийг ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч онцолсон.