Манай улс иргэддээ улаанбурхан өвчний эсрэг вакциныг 1974 оноос хийж эхэлснээс хойш сүүлийн дөрвөн жил энэ өвчин бүртгэгдээгүй байсан. Иймээс өнгөрсөн оны зургадугаар сард ДЭМБ манай улс болон Австрали, Макао, БНСУ-д улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосон батламж гардуулсан юм. Гэтэл сүүлийн үед манайд энэ өвчний тархалт нэмэгдэх болсон. ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Су Нюунт У-гаас үүний шалтгааныг тодруулахад “Монголд энэ өвчин БНХАУ-ын Хүнань мужаас импортлогдсон байх магадлалтай. Учир нь Монголд улаанбурхнаар өвчилсөн анхны өвчтөн нь тус мужаас ирсэн 19 настай залуу байсан. Тэр залуугаас өвчин тархсан байж болзошгүй. Гэхдээ аялал жуулчлал их, Цагаан сарын үеэр урд хөршийг зорих иргэн олон байдаг тул хэн ч энэ өвчнийг авчирсан байж болзошгүй. Ямар ч байсан энэ өвчин импортлогдсон” гэв.