Дэлхийн эрүүл мэндийн өдөр өчигдөр тохиолоо. ДЭМБ энэ өдрийг жил бүр нэг сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил “Тариалангийн талбай, малын бэлчээрээс зоогийн ширээ хүртэл хүнсний аюулгүй байдлыг хангая” уриан дор тэмдэглэж буй юм. Учир нь дэлхий дээр жилд зургаан тэрбум хүн суулгалт өвчнөөр өвчилж, хоёр сая хүн хоол хүнснээс болж амиа алддаг байна.
Манай улсад ч хүнстэй холбоотой өвчин нэмэгдэж буй юм. ДЭМБ болон ЭМСЯ, ХХААЯ, МХЕГ-ын холбогдох албаны хүмүүс энэ талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Хүнсний аюулгүй байдалд үйлдвэрлэгч, тээвэрлэгч, худалдагч, худалдан авагч гээд хүн бүр анхаарах нь чухал гэдгийг ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч онцолсон. ХХАА-н дэд сайд Б.Батзориг “2003 онд баталсан Хүнс, хөдөө аж ахуйн салбарт төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хугацаа энэ жил дуусаж байгаа.
Тиймээс шинээр батлуулахаар ажлын хэсэг байгуулсан. Хүнсний аюулгүй байдал бол улс орны аюулгүй байдлын тулгуур. Бид улаан буудайгаа дотооддоо 100 хувь тарьж, гурилынхаа хэрэгцээг хангадаг боллоо. Одоо чанаржуулж, дэлхийн тавцанд гаргах шаардлагатай байна” гэсэн бол МХЕГ-ын Хүнс, хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Ч.Энх-Амгалан “Хүнсний тухай хууль батлаад хоёр жил болсон ч аюулгүй байдал хангагдахгүй байна.
Баруун аймгуудад хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалтын горим алдагдсанаас хоолны хордлого их гарах болсон. Манайд хүнсний чиглэлээр 29 мянга гаруй аж ахуйн нэгж, иргэн үйл ажиллагаа явуулж байна. Хуулиар тэд эрсдэлээ өөрсдөө хариуцах үүрэгтэй. Мөн малчид химийн бодис хийдэг саванд цагаан идээгээ хадгалж буй нь өвчин гарах бас нэг шалтгаан болж байна” гэв.
Э.ЭРДЭНЭ