Дэлхийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалтын хэмжээ хоёр жил дараалан буурсан ч өнгөрсөн 2014 онд өмнөх жилийнхээс 17 хувиар өссөн гэх тооцоог НҮБ гаргалаа.
Тус байгууллагын Байгаль орчны хөтөлбөрийн харьяа Уур амьсгал ба эрчим хүчний санхүүжилтийн төвийнхний тооцоогоор БНХАУ, Япон зэрэг орон нарны цахилгаан үүсгүүрийнхээ тоог нэмж, европчууд эрэг дагуух газрууддаа салхин сэнс олноор байрлуулсан нь энэ салбар дахь хөрөнгө оруулалтын хэмжээг 270 тэрбум ам.долларт хүрэхэд голлон нөлөөлсөн байна.
Энэ тоо 2013 онд 232 тэрбум байсан аж. Хөгжиж буй орнууд эрчим хүчний “ногоон” эх үүсвэртэй болоход хамгийн их анхаарч, нийт 131.3 тэрбум ам.доллар зарцуулжээ. Энэ нь 2013 оныхоос 36 хувиар өссөн үзүүлэлт гэнэ.
Харин улс орнуудыг сэргээгдэх эрчим хүчний салбарт оруулсан хөрөнгө мөнгөөр нь жагсаахад БНХАУ хамгийн их буюу 83.3 тэрбум ам.доллар зарцуулсан үзүүлэлтээр тэргүүлсэн байна. Удаах байрт 38.3 тэрбум ам.доллар зарцуулсан АНУ оржээ.
Г.ЛХАГВА