Найрамдал Ротаракт клуб хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх МИЛКИВЭЙ төслийн хүрээнд “Хүүхдийг хайрлая” сэдвийн дор богино хэмжээний кино бүтээлийн уралдаан зарлажээ. Уралдаанд кино сонирхогч хэн бүхэн оролцох боломжтой. Киногоо ухаалаг гар утас, мэргэжлийн болон хагас мэргэжлийн камераар хийж болох бөгөөд гурван сая төгрөгийн шагналтай гэнэ. Бүтээлийг энэ сарын 24 хүртэл хүлээж авах юм байна. Одоогоор 40 гаруй оролцогч бүртгүүлжээ. Киноны үргэлжлэх хугацаа 10 минут байх юм. Түүнчлэн хүүхдийн хүчирхийллийн талаар олон нийтэд мэдээллэх, түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход хүн бүхний оролцоо чухал гэдгийг уриалсан байхаас гадна хүмүүст ухаарал өгсөн, урам хайрласан, хүний сэтгэлийг хөдөлгөхөөр хийгдсэн байх ёстой. Шилдэг бүтээлийг шалгаруулахдаа LIKE&SHARE цуглуулсан байдлыг харгалзан 30 оноо өгнө. Үлдсэн оноог шүүгчдээс цуглуулна. 2014 онд тус уралдаанд 20-иод бүтээл өрсөлдөж байжээ.