Сонгинохайрхан дүүргийн иргэн 45 настай Б өөрийн төрсөн хүүхдийг хэрцгийгээр зодож амь насыг нь бүрэлгэсэн хэрэг уржигдар орой гарлаа. Зарим эх сурвалж хохирогчийг гурван настай хүү гэж хэлж буй бол өөр нэг нь мөн насны охин. Толгой болон биеийнхээ бусад хэсэг маш хүнд гэмтэл авч амиа алдсан. Хүүхдээ хөнөөсөн сэжигтэн Б-г цагдан хориод байгаа. Өмнө нь ч хүүхэддээ гар хүрдэг байсан гэх мэдээлэл бий хэмээж байсан юм. Сэжигтэн эр хүүхдээ модон сандлаар удаа дараа цохисоор амийг нь бүрэлгэсэн нь цагдаагийнхны шалгалтаар тогтоогдсон гэнэ. Дөрвөн настай охиныг зодож хөнөөсөн хэргийн дуулиан намжаагүй, ШШҮХ-ийн шинжээчээр ажилладаг төрсөн эцэг болон хойд эх хоёрын хэн нь хөнөөсөн нь нарийн тогтоогдоогүй байгаа үед дахиад ийм аймшигт хэрэг гарсан нь олныг хиртхийлгэж байна. Хүүхдийн эрх зөрчигдөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирч буй хэрэг өдөр алгасалгүй гарч байхад И.Нарантуяа даргатай Хүүхдийн төлөө үндэсний газрынхан юу хийж байна вэ. “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр ажиллаж байгаа юм биш үү.