Баянгол дүүргийн XI хороонд үйл ажиллагаа явуулдаг “Хүрээ” дээд сургуулийн харьяа “Хүрээ тулга” бүрэн дунд сургуулийн 47 сурагч үдийн хоолондоо хорджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар БНСУ-ын хөрөнгө оруулалттай тус сургуультай гэрээ байгуулан “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжүүлдэг аж ахуйн нэгжийнхнийг Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд ХӨСҮТ-өөс шинжээч эмч нар ирж, хоолны дээж, ажилтнуудын болон хордсон хүүхдүүдээс шинжилгээ авсан байна. Дүн нь хараахан гараагүй, шинжээчийн дүгнэлт гарсны дараа эрүүгийн хэрэг үүсгэх эсэх нь тодорхой болох аж. “Хүрээ тулга” сургуульд ажиллаж байсан цайны газрынхан мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөл авсан эсэх нь ч эргэлзээтэй байгаа талаар өөр нэг эх сурвалж хэлэв. Хүүхдүүдэд өнгөрсөн даваа гаригт хөц будаатай шөл өгсөн бөгөөд түүнээс хордсон байж болзошгүй. Бага ангийн сурагчдын толгой нь эргэж дотор нь муухайран бөөлжиж, гүйлгэж байсан талаараа ярьсан. 45-47 хүүхдэд хордлогын дээрх шинж тэмдэг илэрсэн хэмээн тэрбээр нэмж хэллээ.