Улаанбаатар хотын Замын Цагдаагийн Газраас “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-ийг дөрөвдүгээр сарын 10-ны өдөр уламжлал болгон хоёр дахь жилдээ тэмдэглэх гэж байна.
Уг өдөр нь НҮБ-аас зарлан тунхагласан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үйл ажиллагааны 10 жил”-ийн ажлын хүрээнд гурав дахь жилдээ “Хүүхэд ба замын аюулгүй байдал” сэдвийн дор дэлхий даяар явагдах гэж байгаа аянтай давхцаж байгаагаараа онцлог юм.
“Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-ийн хүрээнд “Замын аюулгүй байдлын үндэсний төв” ТББ тус газартай хамтран “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хүүхдийн тунхаг”-ийг 100,000-аас доошгүй дэмжигчдэд танилцуулан гарын үсэг зуруулж төрийн дээд албан тушаалтнуудад хүргүүлэн тэдгээрийн санал санаачлага, үйл ажиллагааг хүүхдийн аюулгүй байдлыг хангуулах шийдвэр гаргуулахад чиглүүлэх, хэрэгжүүлэхийг зорьж байгаа аж.
Мөн дөрөвдүгээр сарын 10-ны өдөр “Эрх чөлөөний талбай”-д 11:00 цагт зохиогдох “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-т өргөнөөр оролцож хүүхдийн төлөө юу хийж чадахаа илэрхийлэхийг ЗЦГ-аас уриаллаа.